АНУ-ын 2019 оны төсвийн алдагдал 1 их наяд ам.долларт хүрэв
АНУ-ын Засгийн газар наймдугаар сард төсвийн алдагдал 200 тэрбум ам.доллароор нэмэгдэж нийт 1.067 их наяд ам.долларт хүрсэн гэж мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэр даруй 184 тэрбум ам.доллароор өндөр байгаа юм. Харин шинжээчид энэ сард төсвийн алдагдал 195 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан аж.
Сангийн яамны мэдэгдэж байгаагаар 8-р сард холбооны зардал 428 тэрбум ам.доллар байсан нь 2018 оны мөн үеэс 1 хувиар буурсан, харин орлого 228 тэрбум ам.доллар байсан нь 2018 оны 8-р сартай харьцуулахад 4 хувиар өссөн байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал энэ сард 1.017 их наяд ам.долларт хүрсэн нь жилийн өмнөх үеийн 878 тэрбум ам.доллароос огцом өссөн хэрэг болжээ.