Хятадын үндэсний их баяр болох гэж байгаатай холбогдуулан Дональд Трамп шинээр тавих татварынхаа хугацааг хойшлуулжээ
АНУ-ын засаг захиргаа Бээжингийн хүсэлтээр БНХАУ-аас ирэх 250 тэрбум ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэхээ хоёр долоо хоногоор хойшлууллаа. Энэ талаар АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп лхагва гарагт “твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Тэрбээр “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэгийн хүсэлтээр, мөн 10 дугаар 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан бид 250 тэрбум ам.долларын өртөгтэй бүтээгдэхүүний гаалийн татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэх байснаа сайн дураар 10 дугаар сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл хойшлуулахаа зөвшөөрлөө” гэж бичжээ.
АНУ есдүгээр сарын 1-нд БНХАУ-аас ирэх 112 тэрбум ам.долларын өртөгтэй бараанд 15 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулсан. Энэ нь Хятад улс Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой гэж Дональд Трамп тэмдэглэж байлаа.
Гаалийн татварыг нэмэгдүүлэх хоёр дахь арга хэмжээг 12 дугаар сарын 15-нд мөрдөж эхэлнэ. БНХАУ үүний хариуд 75 тэрбум ам.долларын өртөгтэй Америкийн бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт 10 хувийн татвар ногдуулах хариу барьсан. Харин АНУ-аас импортлох бараанд нэмэлт 5 хувийн татвар ногдуулах ажиллагаа мөн л 12 дугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ өдөр Хятад улс Америкийн автомашинд 25 хувь, сэлбэг эд ангид 5 хувийн гаалийн татвар тогтоохоор төлөвлөжээ.
Мөн Дональд Трамп 10 дугаар сарын 1-нээс Хятадаас импортлох 250 тэрбум ам.долларын бараанд 30 хувийн татвар ногдуулна гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.