Хонконгийн хил дээрх Хятад цэргүүдийн зургийг авсан Тайвань эр баривчлагджээ
Хятадын засгийн газар нэгэн Тайванийн иргэнийг Хонконгийн хил дээр байрласан Хятадын цэргүүдийн зургуудыг тараасан гэж мэдэгдсэний дараа төрийн аюулгүй байдалд халдсан хэрэгт буруутган баривчилжээ. Хятадын засгийн газрын өгсөн албан ёсны мэдэгдэлд Тайванийн иргэн Ли Менг Чу нь "Улсын аюулгүй байдалд заналхийлсэн хууль бус үйл ажиллагаа явуулсан" гэсэн үндэслэлээр баривчлагдсан гэж гэж Хятадын эх газрын Тайванийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн юм.
Найз нөхөд, гэр бүлийнхэн нь Лиг Тайванийн өмнөд хэсэгт байдаг жижиг загас агнуурын нийгэмлэгийн сайн дурын ажилтны зохион байгуулагч байсан тул Хонконгт туршлага солилцох журмаар очсон байсан болохыг хэлсэн юм.
Тайванийн засгийн газрын төлөөлөгч Чен Юлин өмнө нь Лиг Хонконгийн хил дээрх Хятад цэргүүдийн зургуудыг цахим орчинд цацсанаас хэдхэн цагийн дараа алга болсон гэж мэдээлжээ.
Чен Юлиний хэлж байгаагаар Ли алга болохоос хэдэн өдрийн өмнө "Хятад цэргүүд хил дээр хуарагнаж буусан байна. Байдал хурцдах шинжтэй" гэсэн утгатай мэйл явуулж байсан аж.
Судлаачид хилийн Шэньжэнь хот нь Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох Хятадын армийн гол бааз болох бүрэн магадлалтай тул Лиг тэнд хорьж байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Улсын аюулгүй байдалд халдсан хэргээр БНХАУ-д хоригдсон байсан хүмүүсийг олон сарын турш үл мэдэгдэх байршилд саатуулж, өмгөөлөгч, гэр бүлийнхэнтэй нь уулзуулдаггүй учраас Лиг ирэх онд суллаж магадгүй гэнэ.
2017 оны 3-р сард Тайванийн эрхийн төлөө тэмцэгч Ли Мин Чэ Хятадад аялж байх үедээ алга болсон бөгөөд 9-р сард өмнөд нутгийн Чанша хотод болсон шүүх хурлын үеэр л олны өмнө үзэгдсэн юм. Түүнийг "Олон нийтийн сэтгэл санааг үймүүлж төрийн хэрэгт оролцохыг оролдсон" хэмээн 5 жилийн ял оноож байжээ.