"Аргалах" сэтгэлгээ
Ѳнѳѳгийн Монголын хѳгжлийн хоцрогдлын талаар бид янз бүрээр шүүмжилж, хэн нэгнийг буруутгадаг. Улс орныг удирдан чиглүүлдэг “улстѳрийн” нэртэй системийн тогтолцоо гажуудсан нь үнэн боловч, хүн бүрийн үүрэг хариуцлага дутагдаад байгаа нь тодорхой үнэн. Монголоос гадаадад ирж буй олон хүмүүстэй уулзан ярилцаж байхдаа, санаачилж буй тѳслүүддээ Монголоос залуусыг урьж ирүүлэн баг болон хамтран ажиллаж байхдаа, бас цахим орон зайн мэдээллүүдийг уншиж байхдаа дараах дѳрвѳн хоцрогдлыг анзаарсан юм.
Нэг. ЦАГ БАРЬДАГГҮЙ
Хэн нэгэнтэй уулзахаар болзсон бол, хэн нэгэнтэй хамтран ажиллахаар болсон бол, ямар нэгэн арга хэмжээ эсвэл тоглолт зохион байгуулахаар товлосон бол цагаасаа заавал хоцорно. Монголчууд бидний “үндэстэний онцлог” шахуу болтлоо дэлгэрсэн “бүдүүлэг” энэ харилцаа биднийг муухай харагдуулдаг.
1. “За сүртэй ш дээ” хэмээн хайхрамжгүй бодож байгаа бодол тань бусдыг хүндлэхгүйгээр үл барам, хамтран ажиллах хүний итгэлийг алдаж, урмыг хугалах шалтгаан болдог
2. “Монголчууд зохион байгуулж байгаа арга хэмжээ цагтаа эхлэхгүй дээ” хэмээн бодож алгуурлаж байгаа бодол тань бидний бие биенээ хүндлэхгүй байгаагийн, бие биедээ итгэх итгэлийг аль хэдийн алдаж орхисоны нотолгоо.
3. Асар хурдацтай хѳгжиж буй мэдээллийн энэ зуунд монголчууд бид “үдээс ѳмнѳ”, “үдээс хойш” хэмээх цагийн баримжаатай хэвээрээ байгаа нь хоцрогдлын үндсэн шалтгаан мѳн.
Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?
-Болзсон л бол заавал цагтаа очиж бай. Хичнээн амаргүй хэцүү байсан ч, тѳвѳгтэй мэт санагдсан ч цагтаа очно гэдэг нь бусдыг хүндлэх хүндлэл, бас ѳѳрийн тань үнэ цэнийн хэмжүүр болдог юм даа. Хүн болгон ингэж ухамсартайгаар хичээх аваас бид сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж эхэлнэ
-Монголд ажил эхлэх, тарах цагаа
а.Бүтээн байгуулалтын \Ѳглѳѳ 6 цагаас эхэлнэ\
б.Албан ажлын \Ѳглѳѳ 8 цагаас эхэлнэ\
в.Хичээл сургуулийн \Ѳглѳѳ 9 цагаас эхэлнэ \ гэсэн ангилалтайгаар тогтоож хатуу мѳрдүүлэх боломжтой. Хэнд ч гомдоллох, шалтаг тоочих шалтгаангүйгээр цагийг мѳрдүүлж сургах нь хариуцлагатай байх, түгжрэлгүй болох, үр бүтээлтэй ажиллахын эхлэл болно. Энэ бол Тѳрийн үүрэг юм шүү дээ.
Хоёр. ХИЙХ АЖЛАА ТѲЛѲВЛѲДѲГГҮЙ
Нэгэнт цагийн менежмэнт үгүй болохоор, хийх ажлуудаа тѳлѳвлѳхгүй байгаа нь маш их боломжуудыг алдахад хүргэдэг. Ямар ч ажил “их, “бага”-aасаа биш, ойлгомжгүй эмх замбараагүй байдлаасаа шалтгаалан хүмүүсийг бухимдуулан ядраадаг. Монголын Тѳрийн ѳнѳѳгийн дүр зураг ч яг адилхан.
1. Хэн нэгэн дээр зорьж очоод л уулгамч юм шиг “Энэ ажлыг яг одоо хийгээд ѳгѳѳч!” хэмээн шахаж шаардаж байгаа тань, эсвэл “Яг одоо гараад ирээч, уулзья” гэж уруу татаж байгаа тань, таны эмх замбараагүй байдлын илрэл.
2. Ажлаа яг таг тѳлѳвлѳсѳн байгаа хүн, таны сэтгэл хѳдлѳлѳѳс үүдэлтэй гэнэтийн саналаас татгалзах нь таны түүнд гомдох, түүний талаар таагүй үнэлэмжтэй болох шалтгаан болж байгааг та анзаардаг уу?
3. Танай байгууллага болон хамтрагчид тань урт хугацааны зорилго үгүй, ажлуудаа нарийн тѳлѳвлѳдѳггүй бол та ажил дээрээ зүгээр л суух, цагаа дэмий нѳхцѳѳх, холхин гэгэлзэх зэргээр залхуурал руу хѳтлѳгдѳнѳ. Энэ нь аажим аажимдаа бухимдал руу чиглэдэг.
Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?
-Та ѳѳрийн амьдралын зорилготойгоо нийцүүлэн хийх ажлуудаа урт бас богино хугацаагаар заавал тѳлѳвлѳж бай. Энэ нь таны амьдралыг зорилготой, утга учиртай, эмх цэгцтэй болгоно. “20 жилийн дараа тийм хүн болсон байна”, эсвэл “10 жилийн дараа эдийн засгийн хувьд бусдаас хараат бус болно доо”, “5 жилийн дараа би тийм сургууль тѳгсѳж, ийм хэмжээний боловсрол эзэмшинэ” гэх мѳрѳѳдлүүд тань таны тѳлѳвлѳлтийн эхлэл.
-УИХ ын гишүүн, ЗГХЭГ ын дарга Л.Оюун Эрдэнэ Монгол Улсын хѳгжлийн 25 жилийн бодлогыг тѳлѳвлѳж, хийх ажлуудаа тодорхой болгох “Алсын хараа “-тай санаачлага гаргаж байгааг би дэмжиж байгаа. Магадгүй энэ нь “цээжний баримжаа”- гаар бодлого ярьж, “амны баримжаа”-гаар тайлбарлан, “сэтгэлийн хѳдлѳл”- ѳѳр шийдвэр гаргадаг буруу тогтолцоог халж, судалгаанд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргадаг эрүүл тогтолцооны суурийг тавих байх. Монголын хѳгжлийн үндсэн бодлогоо тодохойлж, хэрэгжүүлэхдээ:
а. 25 жилээр
б. 10 жилээр
в. 5 жилээр
г. 1 жилээр хэмээн уусган тѳлѳвлѳж байж бид эрүүл ухаанаар, бодитой хѳгжиж чадна.
Гурав. АРГАЛАХ СЭТГЭЛГЭЭ
Чин сэтгэлээ шингээж чадахгүй мѳнгѳн дүнтэй ашиг, магтаалтай нэр алдар олохыг хүсч хийж байгаа ажлууд хэзээ ч амжилтад хүрдэггүй. Хичнээн их уулзалт цуглаан зохион байгуулаад ч, хичнээн сайхан уриа лоозон дэвшүүлээд ч, энд тэнд очиж хичнээн сайхан санаагаар бадрангүй илтгэл тавиад ч хѳгжиж, ѳѳрчлѳгдѳж чадахгүй байгаагийн шалтгаан нь бидний хэлбэрдэх, аргалах сэтгэлгээний илрэл мѳн.
1. “Ѳѳ сүртэй ш дээ, энэ ажлыг ингээд аргалчихаж болно доо” гэж бодох дор бид мѳн чанарыг огоорч, хэлбэр дүрсийг үзүүлж эхэлдэг. Заримдаа ийм арга хэмжээнүүдэд оролцоход яг л “жүжиг” үзэж буй мэт хуурамч таагүй мэдрэмж тѳрѳѳд байдаг юм,
2. “Иймхэн юмыг аргалчихаж чадахгүй, арчаагүй юм” гэх халагласан зэмлэл, сэтгэлээ зориулсан зүтгэлээс, хѳнгѳхѳн аргалаад хийчихсэн зүйл илүү үнэлэгдэх үеэс бидний урам хугарч, ѳѳрийн дотоод мѳн чанараасаа “урваж” эхлэхэд хүргэдэг.
3. Хэлбэр хѳѳсѳн олон үйлдэл, ажлуудын гайгаар Монголын минь хѳгжил “хѳѳсѳрсѳн” хэврэг тѳлѳв дээр байгаа мэт санагдаад байх. Удахгүй хагарч хавь орчноо бохирдуулаад, бүгдийг шинээр эхлүүлэх мэт харамсалтай тѳсѳѳлѳл нь алив зүйлийг “аргалж болдог “сэтгэлгээний муу нѳлѳѳ. “Бүх л зүйлийг аргалж болно” гэдэг сэтгэлгээ биднийг “хуураад” байна.
Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?
-Олон нийтийн дунд түгээмэл болсон “Бүх зүйлийг, түүн дотор хуулийг ч аргалж болно” гэдэг бидний бохирдсон сэтгэлгээнээс, нийгмийн хѳгжлийн СТАНДАРТ л салгаж чадна. Иргэддээ зориулсан нийгмийн халамж үйлчилгээний стандартууд нь хүмүүсийн сэтгэлгээний хямрал бухимдалгүй амар тайван ажиллаж амьдрахын баталгаа юм билээ. Бид энэ талаар “Хѳгжлийн замаар” нэртэй 55 дугаар цуврал нэвтрүүлгүүддээ үзүүлсэн байгаа. Бухимдал үүсгэдэг ойлгомжгүй байдлаас, бүх зүйл нь маш ойлгомжтой хэрэгжүүлэхэд тѳвѳггүй стандартуудыг бий болгон хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна.
-“Хуулийн ѳмнѳ бүх хүн эрх тэгш байна” гэсэн “Үндсэн хууль”-ийн заалтын бодит хэрэгжилт нь, буруу үйлдэл хийчихээд гаалийн байцаагчийг, мэргэжлийн хяналтын ажилтанг, мѳрдѳн байцаагчийг, прокурорыг, шүүгчийг таньдаг хүнээр нь дамжуулан авилга ѳгч аргалж болно гэдэг сэтгэлгээнээс холдуулж чадна. Хууль зѳрчсѳнийх нь тѳлѳѳ “асар ѳндѳр хэмжээгээр торгох”-ыг эсэрэгүүцэн жагсаж байгаа үйлдлээс л “Хуулийг зѳрчиж, зѳрчлийг аргалж болно” гэдэг солиорол мэдрэгдээд байдаг юм даа. “Хэн нэгний хувийн ашиг сонирхол нийт олны эрх ашгаар хязгаарлагдана” гэдэг эрүүл ойлголт та бидний ѳнѳѳдрийн, үр хүүхдүүдийн минь маргаашийн сайн сайхан амьдралын баталгаа юм шүү дээ. Хэзээ ч юуг ч “аргалах” шаардлагагүй дээ.
Дѳрѳв. ХАРИУЦЛАГА
Санаатай болон санамсаргүй байдлаасаа шалтгаалан алдаа гаргадаг нь хүний нийтлэг тѳлѳв. Гаргасан алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйх нь хариуцлагатай байдлын илрэл хийгээд харилцааны том соёл мѳн. Харин бидэнд буруугаа ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайж, буруутанг нотлохын тулд элдэв хийрхэл ѳгдѳѳдѳг базаахгүй зуршил байгаа. Уучлал гуйх нь “бусдаас дор” байдалд орж ичгэвтэр шившигтэй байдлаар бусдад үнэлэгдэх болно гэсэн тэнэглэл ч үүнд нѳлѳѳлдѳг.
1. “За сүртэй юм, хүн болгон л ингэдэг шүү дээ” хэмээн бусадтай барьцсан сэтгэлгээ, ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳх үйлдэл тань таны үнэ цэнийг бусдын ѳмнѳ бууруулж байдаг. Магадгүй дэргэд тань ѳсч буй хүүхэд тань ѳѳрийгѳѳ ѳмѳѳрч бусдыг буруутгаад эхэлбэл энэ нь “таны буруу” гэдгийг бүх насаараа л мэдрэх болно
2. Бусдын эрх ашигт харшилсан буруу муу үйлдлийнхээ тѳлѳѳ хариуцлага хүлээхгүй “аргалаад” байх нь, ѳнѳѳдѳртѳѳ “болоод байгаа” юм шиг бардамнал тѳрүүлэх хэдий ч цаг хугацаа ѳнгѳрѳх хэрээр ямар ч утгагүй үнэ цэнэгүй мэт мэдрэмж болон хувирахыг тѳсѳѳлж чадах уу?
3. Монголын улстѳрд байгаа эдийн шунал, мунхаг тачаалтай нѳхдүүд элдэв залилан луйвар хийж бусдын боломжийг хулгайлсаныхаа тѳлѳѳ уучлал гуйж, хариуцлага хүлээхгүй байгаа нь Монголын нийгмийн “эмгэнэл” болон хувирч байгаа нь үнэн. Энэ нь улам улмаар олон хүмүүсийн “барьцах” сэтгэлгээг ѳгдѳѳж, бид нийгмээрээ бохироор амьсгалж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүгдээрээ хариуцлага хүлээх л болно, ѳѳр гарц үгүй
Тэгээд яах юм бэ, гэж үү?
-Хүн болгон ѳѳрийн гаргасан шийдвэрийнхээ тѳлѳѳ бусдад гомдоллохгүйгээр, бусдыг буруутгахгүйгээр ѳѳрѳѳ л хариуцлага хүлээж сурах хэрэгтэй болж байна даа. Алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйх нь, бусдад худлаа ярьж, сэтгэл дотроо ичингүйрэн шаналж явахаас хавьгүй амархан зүйл. Хариуцлага хүлээнэ гэдэг нь гаргасан алдаагаа дахин давтахгүйн баталгаа болохоос бус аймшигтай ичгүүртэй зүйл огтхон ч биш. Ѳѳртѳѳ болон бусдад ингэж хандаж байх нь таны сэтгэлийн амар амгалан байхын шалтгаан болдог.
-Живж буй усан онгоцон дээр гүйлдэх хархууд шиг буруу муу улстѳрчидтэй бүү барьц аа. Тэд хэзээ нэгэн цагт хүртэх ёстой шийтгэлээ хүртэх л болно. Хууль эс гэхэд хувь заяа нь шийтгэдэг юм, амьдрал хатуудаа хатуу. Харин бид дор бүрнээ шударга байхыг хичээж, алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйж, алдаагаа дахин давтахгүй байж сурах нь чухал. “Намайг уучлаарай” гэдэг үгний шидээр үзэн ядах сэтгэл үргэж холддог юм. “Зүгээр ээ” гэдэг хариултыг инээмсэглэл дагалдаж явдагийг анзаарсан уу? Тэгээд л бүх зүйл сайхан болно.
ТѲГСГѲЛ
Энэ бичлэгийг уншаад ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳх гэж байгааг тань ойлгож байнаа. Бүх хүнийг хамруулж шүүмжлээгүй, нийгэмд байгаа нийтлэг үзэгдэлүүдийг учирласан юм. Таны эргэн тойронд байгаа хүмүүс ямар байна, та ѳѳрѳѳ яг л тийм тѳлѳвт хувирдаг. Тэгэхээр та ѳѳрѳѳ ѳѳрчлѳгдѳж чадаад ѳѳрийнхѳѳ эргэн тойронд байгаа хүмүүстээ учирлан түгээж эхэлбэл, аажим аажимдаа олон хүмүүс ѳѳрчлѳгдѳж эхэлнэ. Эргэн тойронд тань сайн хүмүүс олширч, бие биенээ ойлгон хүндэлж, хайрлан санаа тавьж эхлэх дор та сэтгэлийн амар амгаланг мэдэрч бас аз жаргалтай болж эхэлнэ. Улс орон ч адил.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах