АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон албан тушаалаа хүлээлгэн өгөхийг хүссэн талаар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Дональд Трамп уг нийтлэлдээ Жон Болтонтой тэр болгон санал нийлдэггүй байснаа онцлоод, түүний халааг авах хүнийг ирэх долоо хоногт танилцуулна хэмээн бичжээ. Мөн тэрбээр Жон Болтоны хичээл зүтгэлд талархал илэрхийлсэн байна.
Жон Болтон мягмар гарагт “Fox News” сувагт өгсөн ярилцлагын үеэр огцрох хүсэлтийг өөрөө эхлээд гаргасан хэмээн хэлжээ.
2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилласан Жон Болтон нь Дональд Трампын гурав дахь зөвлөх бөгөөд түүний өмнө Майкл Флинн, Герберт Рэймонд МакМастер уг албан тушаалыг хашиж байжээ.