"Apple" компани жил бүрийн намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн арга хэмжээ өчигдөр Купертино дахь оффисын Стив Жобсын нэрэмжит театрт болж өнгөрчээ. Мэдээж уламжлал ёсоор "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк шинэ бүтээгдээхүүнээ танилцуулсан юм.
Уг арга хэмжээнд "Apple" дагалдах үйлчилгээ буюу төлбөр төлснөөр багц худалдаж авах дижитал контент болох тоглоомын "Apple Arcade", кино болон телевизийн цувралын стрийминг үйлчилгээ "Apple TV+", шинэ "iPad" загвар, "Apple Watch" дараагийн үеийн загвар, цоо шинэ "iPhone" загвар зэргийг зарласан юм.
Танилцуулагдсан "iPhone"-ын загварууд нь "iPhone 11", "iPhone 11 Pro", "iPhone 11 Pro Max" гэсэн нэртэй бөгөөд худалдаалах үнэ нь "iPhone 11" 699 ам.доллар, "iPhone 11 Pro" 999 ам.доллар, "iPhone 11 Pro Max" 1099 ам.доллар юм байна. Онцолбол тус загварууд шинэчилсэн маш мэдрэмтгий өргөн өнцөг бүхий камерууд болон шинэ төрлийн өнгийн сонголтууд болон хүчирхэг "A13 Bionic" чипийг өөртөө агуулсан юм.
Дээрх загварууд өмнө жил танилцуулагдсан "iPhone XS", "iPhone XS Max" болон "iPhone XR" загваруудтай адилхан хэмжээтэй гарсан бөгөөд ерөнхий гадаад үзэмжээс камерт нь л өөрчлөлт оржээ.
"iPhone 11 Pro", "iPhone 11 Pro Max" загварууд нь нийт 3 төрлийн камертай болсон нь энэ үдшийн онцлох зүйл байлаа. Түүнчлэн "iPhone" загваруудын "Face ID" унших хурд эрс хурдан болсон бөгөөд хормын дотор таны нүүрийг таних боломжтой болсон нь хүчирхэг "A13 Bionic" чиптэй холбоотой юм байна.
Тус чипийн хамгийн онцлох шалтгаан нь цэнэг хэмнэх чадамж аж. Хэрэглэгч утсаа ашиглаж байхад шаардлага байхгүй хэсгүүдээ ажиллуулахгүй байх боломжтой. Хэрэв шаардлагатай тохиолдолд утасны хурдаа түр хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэнэ.