Дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхлэв
Олон сар, жилээр гацсан авлига, албан тушаалын дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхэлснийг хууль хяналтын байгууллагууд ээлж дараалан мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагаас ЖДҮ, 60 тэрбум, Салхитын мөнгөний орд, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтантай холбоотой авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг өгсөн бол өчигдөр АТГ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр АТГ экс Ерөнхий сайд нартай холбоотой Оюутолгойн гэрээ, УБТЗ-ын даргатай холбоотой олны анхаарал татсан хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа эцэслэх шатандаа орсныг мэдэгдлээ. Томоохон хэргүүдийн талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү , НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд нарын өгсөн мэдээллийг тоймлон хүргэж байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалгаж дуусчээ
АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж дууссаныг АТГ-аас мэдээллээ.
АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийн цар хүрээ өргөн учраас холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байна. Дуусахаар нь шүүхэд шилжүүлнэ” гэв.
Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг дээр 20 орчим үйлдэл тогтоогджээ
АТГ-аас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хэргийг өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгааг удаа дараа мэдээлж байсан бол түүнд холбогдох хэрэгт 20 орчим хууль бус үйлдэл тогтоогдсоныг мэдээллээ. АТГ-аас “Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг дээр 20 орчим үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Эхнээс нь тогтоогдсон үйлдлээр шүүхэд шилжүүлнэ” гэлээ.
Гаалийн байцаагчдын хахууль авсан бичлэгийг ил болголоо
АТГ-аас Замын-Үүдийн гаалийн байцаагчдын авлига авсан үйлдлийг баримтжуулсан бичлэгийг дэлгэлээ. Гаалийн 34 байцаагч улсад 28 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан БНХАУ-аас импортоор оруулсан 90 тонн ачааг хилээр шалгалтгүй нэвтрүүлэхдээ 4.5 сая төгрөгийн хахууль авчээ.
АТГ-ын мөрдөгчдийг очиход гаалийн байцаагчид хахуулиа ор, агааржуулагчийн хоолой, паарны ард нуусныг бичлэгээр баримтжуулсан байв.Гаалийн байцаагчидтай холбоотой хахуулийн бичлэг 2015-2016 онд үйлдэгдэж 2018 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэж 2-6 жилийн ял оноосон байдаг. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг харууллаа.
Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг” гэдгийг онцоллоо.
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болов
АТГ-ын мэдээллийн үеэр албан тушаалтнууд холбогдсон авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн ч АТГ-т буцаж ирүүлэхгүй 8-9 сар болж байгаа хэргүүд бий. Тухайлбал, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Үүнтэй адил “Жаст”-ын Ш.Батхүү, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэрэг ч мөн адил удааширч ял завшиж мэдэхээр байгааг хэллээ.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
60 тэрбумын хэрэгт яллах дүгнэлт үйлдэв
МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албыг арилжиж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлсэн байна. Тэгвэл 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг прокурорын байгууллагаас мэдээлэв.
Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох ЖДҮ-ийн хэргийг шүүхэд шилжүүлэв
ХХААХҮЯ болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой ЖДҮ-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар прокурорын байгууллагаас мэдээлэхдээ “ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” гэв. ЖДҮ-тэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн албан тушаалтнуудад холбогдох 13 хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд зээл олгосон асуудал хууль бус гэдэг нь тогтоогдож байж бусад хүмүүсийн хэрэг шийдвэрлэгдэх юм байна.
Автотээврийн төвийн удирдах албан тушаалтны хэргийг мөрдөж дуусчээ
Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан үйлдлийг шүүхээс шийдвэрлэсэн. Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанийн олон тооны, хүнд даацын тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан хэргийг хууль бусаар олгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг прокуророос мэдээлэв. Мөн Монголбанкны удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж “мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
С.Төмөрбатыг АНУ-аас буцаан авчрахаар ажиллаж байна гэв
Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг өнгөрсөн зургадугаар сард түдгэлзүүлсэн. Салхитын мөнгөний ордын хэргээр найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснийг холбогдох албаныхан мэдэгдэж байв.
Тэгвэл “Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотой бусад албан тушаалтнуудыг шалгах ажиллагаа одоогоор дуусгавар болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэдгийг прокурорын байгууллага мэдэгдсэн. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат ОХУ-аар дамжиж АНУ-руу явсан гэсэн мэдээлэл бий. Журмын дагуу буцаан авчрахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа аж.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин