Жек Ма, Элон Маск нарын хиймэл оюун ухааны сэдвээр хийсэн халз мэтгэлцээн

Жек Ма, Элон Маск нарын хиймэл оюун ухааны сэдвээр хийсэн халз мэтгэлцээн

БНХАУ-ын Шанхай хотноо өнгөрөгч наймдугаар сарын 29-31 өдрүүдэд “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт” хоёр дахь жилдээ болж өнгөрсөн билээ. Технологийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн уг арга хэмжээнд хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулж буй дэлхийн мянга, мянган компани, нэр хүндтэй эрхмүүд уригдан оролцсон юм.

Энэ удаагийн арга хэмжээнд “Amazon”, “IBM”, “Microsoft”, “Tesla”, “Huawei”, “Alibaba”, “Tencent” зэрэг технологийн салбарын аварга загаснуудаар тэргүүлүүлсэн 80.000 мэргэжилтэн оролцож хөрөнгө оруулагчдаас нийт 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухааны чиглэлд хэрэгжүүлж буй төслүүддээ авах гэрээ, хэлцэл байгуулжээ.

Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт-2019 арга хэмжээний үеэр болсон олны анхаарлыг татсан, хамгийн сонирхолтой хөтөлбөр нь “Alibaba” группийн үүсгэн байгуулагч Хятадын тэрбумтан Жек Ма болон “Tesla”, “SpaceX” болон “Neuralink” компаниудын үүсгэн байгуулагч Канадын тэрбумтан Элон Маск нарын хооронд болсон халз мэтгэлцээн байсан юм. Тэд нэг цагийн турш хиймэл оюуны ухаан гэх сэдвийн хүрээнд дэлгэцэн дээр харагдах агуулгуудаас өөрсдийн хүссэнээ сонгон ярилцсан юм.

Ингээд та бүхэнд Жек Ма болон Элон Маск нарын халз мэтгэлцээнийг эмхтгэн хүргэж байна. Өнөөгийн дэлхий ертөнцийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж буй эрхмүүдийн энэхүү нээлттэй ярианаас та яг одоо болж өрнөж буй болон ирээдүйд болох магадлалтай зүйлсийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл олж авна гэж найдаж байна.

-Элон Маск (ЭМ): Миний бодлоор “AI” буюу хиймэл оюун ухаан гэдэг үгийг сонсохоор хайр гэдэг үг шууд толгойд орж ирдэг. Ингэж сонгогдож байгаа биз?

-Жек Ма (ЖМ): Үгүй ээ. Би хувьдаа “AI” нь “Artificial intelligence” гэдэг үгийн товчлол байгааг үзэн яддаг. Би үүнийг “Alibaba Intelligence” гэж дуудмаар байна.

-ЭМ: Ийм байхыг үгүйсгэхгүй. Хэрэв чи хиймэл оюун ухааны салбарт амжилттай байвал ирээдүйд нэр нь ингэж өөрчлөгдөж болох л юм.

Хүмүүс хиймэл оюун ухааны нөөц бололцоог ерөнхийдөө дутуу үнэлээд байх шиг надад санагддаг. Миний бодлоор энэ бол бидэнтэй л адил “оюунлаг” технологи юм. Бүр хамгийн ухаантай хүнээс ч илүү ухаантай зүйл. Жишээ нь шимпанзе сармагчин хүмүүсийг бүрэн ойлгож чаддаг болов уу. Хүмүүст харь гарагийнхан хачирхалтай, ер бусын санагддаг шиг тэдэнд ч бид яг ингэж санагддаг. Тиймээс ч тэд хүмүүсээс илүү бие биедээ буюу мэддэг зүйл, өөрсдийн төрөлдөө илүү анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл хүмүүст хиймэл оюун ухааныг ойлгож, тэдэнтэй хамт нэг нийгэмд аж төрнө гэдэг хэт холын зүйл шиг санагдаад байгаа юм.

Минийхээр хиймэл оюун ухааны салбарт байгаа хамгийн том алдаа бол эрдэмтэд үүнийг шимпанзе сармагчин шиг өөрөө шийдвэр гаргаж чадахуйц ухаантай гэж таамаглаад байгаа явдал юм. Үнэндээ хиймэл оюун ухааныг шимпанзетэй харьцуулшгүй. Ихэнх хүн өөрөөс нь илүү ухаантай технологи байж болно гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа юм. Гэвч хиймэл оюун ухаан бол биднээс хол илүү ухаалаг зүйл.

Ийм тохиолдолд та юу хийх байсан бэ. Би хиймэл оюун ухааныг сайн зүйл гэж боддог. Хуучны хүмүүс хэлдэг дээ “хэрвээ чи тэднийг ялж чадахгүй бол нэгд” гэж. Энэ бол миний хиймэл оюун ухааны салбарт орж “Neuralink” компанийг байгуулсан шалтгаан. Бидэнд хиймэл оюун ухаантай хамт нэг завиар явах боломж байна. Манайхтай ижил хиймэл оюун ухааны салбар, тэр дундаа хүний тархинд мэдээлэл дамжуулах бичил төхөөрөмж суулгах чиглэлд ажиллаж буй бусад компаниуд ч надтай санал нэгдэх байх.

Учир нь бид аль хэдийн киборгууд болсон. Жишээ нь компьютер, ухаалаг гар утас гэх зэрэг нь өнөөдөр яг л бидний нэг эрхтэн, мэдрэхүй шиг болсон шүү дээ. Та утсаа гэртээ орхилоо гэхэд л тэр өдөржингөө нэг үе мөчөө алдсан юм шиг байдаг биз дээ.

Тэгэхээр ухаалаг гар утас бол мэдээлэл дамжуулах хамгийн сайн шийдэл биш. Наад зах нь цэнэглэх зэрэг оролтын асар дутуу бүтэцтэй. Дээрээс нь танд таван мэдрэхүй, арван хуруу байгаа ч мэдээлэл дамжуулахын тулд хоёрхон хуруугаараа дэлгэц товшино гэдэг учир дутагдалтай. Ингэх нь цаг хугацаа их алддаг. Ер нь текстэн мэдээ бичлэг, зурган мэдээ зэрэгт байр сууриа алдсан. Хиймэл оюун ухааны шийдлээр ирээдүйд эдгээр нь бүгд үгүй болох байх.

Учир нь компьютерын хувьд нэг миллисекунд гэдэг бол биднийхээр мөнх амьдрал гэсэн үг юм. Харин хүний мэдрэхгүй нэг миллисекунд хэрхэн өнгөрч байгааг ч анзаардаггүй. Компьютер болон хиймэл оюун ухааны оршихуй нь өөрөө мөнх амьдрал. Тэд хэзээ ч хөгширдөггүй.

-ЖМ: Би технологийн салбарын хүн биш болохоор надад энэ талын төсөөлөл, алсын хараа чинийхтэй харьцуулахад асар хомс. Миний бодлоор хиймэл оюун ухаан гэдэг бол амьдралын мөн чанар. Үүний тусламжтай ирээдүйд хүмүүс үргэлж бий болгохыг хүссээр ирсэн бие биенээ бүх талаар нь бүрэн ойлгодог нийгмийг бий болгож чадах байх. Одоо бол бид бие биенээ биш зөвхөн хэн нэгнийг, ямар нэг зүйлийг ойлгож, түүний тулд нийгэм байгуулан амьдарч байна шүү дээ.

Ирээдүйг урьдчилан таах үнэхээр амаргүй. Дэлхийн түүхэн дэх ирээдүйн талаарх бүх таамаглалуудын 99,99 хувь нь буруу төсөөлөл байсан.

-ЭМ: Хиймэл оюун ухаан ч гэсэн үү?

ЖМ: Тийм ээ, ердөө 0.01 хувь нь тохиолдлоор зөв болж таарсан.

-ЭМ: Гэхдээ нийт статистик мэдээллийн 80 хувь нь буруу байдаг.

-ЖМ: Тийм ээ, гэхдээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр, хиймэл оюун ухааныг “Artificial Intelligence”, “Alibaba Intelligence” гэхээс үл хамааран энэ нь хүмүүс бие биенээ илүү сайн ойлгоход тусална. Хүмүүс хиймэл оюун ухааны талаар санаа зовж эхлэх үедээ өөртөө улам илүү итгэлтэй байх ёстой. Хэрэв өнөөдөр бидэнд хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх хангалттай олон шийдэл байхгүй юм бол маргааш үүнийг бодож олж болно. Хэрвээ бид шийдэл олж чадахгүй бол залуу хойч үе маань хэзээ нэгэн цагт үүнийг хийх нь гарцаагүй.

Би их өөдрөг бодолтой хүн л дээ. Минийхээр хиймэл оюун ухаан гэдэг бол ямар нэгэн аймшигтай аюул занал биш. Харин хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадахуйц харьцангуй ухаалаг. Хэрвээ надад хиймэл оюун ухааны талаар өнөөдөр заах юм бол энэ нь миний хувьд коллежийн боловсрол болно. Харин гудамжнаас мэдлэг олж авсан над шиг хүмүүс бол үүнээс огт айхгүй. Бидний хувьд энэ зүйл бол өөрсдийгөө сорьж, өөрчилж, батлан харуулж болох маш зугаатай сорилт юм.

-ЭМ: Чиний хамгийн сүүлд хэлсэн үгс сургуулиудын танхимд өлгөсөн байдаг алдартнуудын эшлэлүүд шиг л сонсогдож байна.

Хиймэл оюун ухаан гэдэг бол компьютерын шинжлэх ухааны салбарт гарсан хамгийн том, суурь дэвшил юм. Компьютерын салбарт дэвшил хийнэ гэдэг маш хэцүү зүйл юм шүү. Харин ийм цогц, суурь дэвшил бол гайхамшиг байдаг.

Хэрвээ чи бид хоёр 40, 50 жилийн өмнөх үедээ буцаад очвол бидэнд дэлгэцэн дээр зөвхөн хоёр хавтгай дүрс нэг цэг бүхий теннис шиг тоглоом л байх болно. Гэтэл одоо бодит амьдралыг бүрэн хуулсан, маш үнэмшилтэй видео тоглоомуудыг өдөрт сая, сая хүн хоорондоо холбогдон тоглож байна. Хэрвээ сүүлийн 40, 50 жилд видео тоглоомын салбарт гарсан дэвшлүүдийг харахыг хүсвэл дуртай нэг тоглоомоо татаж аваад туршаад үзээрэй. Бодит амьдралаас ямар ч ялгаагүй. Чи ялгааг нь хэлж чадахгүй.

Тэгвэл хүн төрөлхтний соёл иргэншил эхэлсэн цагаас эхлээд бодоод үзье. Хадны сүг зургийг эс тооцвол хүмүүс хамгийн анх ямар нэгэн зүйл бичиж, тэмдэглэж үлдээсэн эрин үе гэсэн үг л дээ. Ингээд бодвол хүн төрөлхтний соёл иргэншил ердөө 7000 жилийн настай. Энэ бол ертөнцийн түүхтэй харьцуулахад асар бага хугацаа. Манай ертөнц 13.8 тэрбум настай гэж үздэг.

Хэрэв бидний соёл иргэншил нэг сая жилийн турш үргэлжилсээр өнөөг хүрсэн бол ямар байх байсан бэ. Их хугацаа ч гэлээ ертөнцийн хувьд асар богино буюу 13.800 дахин богино хугацаа гэсэн үг. Миний хэлэх гээд байгаа санаа бол технологийн хувьсгал ийм л асар хурдтай явж байна. Ердөө 70 жилийн өмнө л хүмүүс анхны компьютерыг бий болгосон. Хүн төрөлхтний соёл иргэншилтэй харьцуулахад ердөө нэг хувь юм.

Би тийм ч өөдрөг үзэлтэй хүн биш. Гэхдээ л дэлхийн төгсгөл, бурхны гэсгээл гэдэг зүйлд итгэдэггүй. Харин технологийн энэхүү асар хурдтай хөгжил нь заримдаа хүмүүс өөрсдөө ч үүнийгээ ойлгож, хангалттай сайн тайлбарлаж чадахгүй хэмжээнд хүрээд байна.

Үүний сайн мууг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хүний биологийн бүтэц анхнаасаа супер дижитал оюун ухааныг ачаалах бүрэн чадамжтай бүтээгдсэн. Тэгэхээр бид бүх зүйлээ компьютерт даатгаж, өөрсдийн нэг эд эрхтэн болгох шаардлагагүй. Бид маш хялбархан шийдлээр, бага хэмжээний өгөгдлийн тусламжтай супер оюун ухаантай болох боломжтой.

-ЖМ: Сайн байна. Тэгэхээр хоёулаа өөр нэг сонирхолтой яриа дэлгэе. Энд сууж байгаа Адам гэж залуу ангараг гараг руу явах хүсэлтэй байгаа. Чи ч бас ангараг руу аялуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Тэнд ер нь амьдрах нөхцөл хэр байдаг бол. Би ч хувьдаа тийшээ явахыг тэгж их хүсдэггүй л дээ. Тийм ч учраас энэ талаар тэгж их санаа тавьдаггүй. Учир нь би энд буюу дэлхий дээр болж буй үйл явдлуудад илүүтэй анхаарал хандуулж, юм хийдэг. Ер нь яагаад та нар ангараг гарагийг тэгж их сонирхдог юм бэ?

-ЭМ: Тэгэхээр бидний төсөөлөлд ирээдүйн талаарх ухамсар бүрд ангараг гараг буудаг. Энэ бол харь гарагийнхыг олох, тэдэнтэй холбоо тогтоох гэдэгтэй ямар ч хамааралгүй зүйл. Харийнхан гэдэг ойлголт бол нотолгоо хөөсөн хөөсрөл гэж би боддог.

Бид нар энэ хүртэл явж ирчхээд яагаад одоо хүртэл харийнхантай холбоо тогтоогоогүй юм бэ. Энэ бол маш чухал асуулт. Надад итгээрэй. Миний мэдэхээр бид ямар ч харийнхантай холбоо тогтоогоогүй. Хүмүүс надаас “Area 51” талаар их асуудаг. Цаашид битгий тэгээрэй гэж гуймаар байна. Манай “Space X” компанид “Area 59” бий. “Area 51”-ээс хамаагүй догь газар шүү.

Бидний ажил ертөнцийн мөн чанарыг танихад оршдог. Мэдээж хязгааргүй огторгуйд биднээс өөр амьдрал, соёл иргэншил байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч бид үүний хойноос яваагүй. Хүмүүс манай дэлхий сөнөж байгаа болохоор амьдрах өөр гараг хайх хэрэгтэй гэдэг. Тэгвэл үүнтэй бүр ч хамаагүй.

Энэ нь ердөө л манай дэлхийн 4.5 тэрбум жилийн түүхэнд анх удаа бид өөр гаригт хөл тавьж, шинэ соёл иргэншил үүсгэх боломж бодитой бий болсон явдал юм. Үүнийг л ашиглахыг зорьж байгаа. Мөн бид өөрсдийгөө эсвэл харийн ямар нэгэн үл мэдэгдэх хүч биднийг устгах талаар сая хэлсэн болгоомжлолуудаас ирээдүйг хамгаалах эхлэлийг тавьж байна. Ингэх боломж бидэнд хэр удаан олдох вэ. Миний бодлоор маш бага хугацаа байгаа. Тиймээс л бид яаравчлан энэ төсөл дээр аль чадлаараа шаргуу хөдөлмөрлөж байна.

-ЖМ: Ирээдүйг аюулгүй байлгах нь мэдээж маш хэцүү. Гэхдээ бид өнөөдөр ирэх 100 жилийн ирээдүйг хангалттай аюулгүй болгох боломжтой. Би таны ангараг гарагийг нээж илрүүлэх төслийг биширдэг шүтэн бишрэгчдийн нэг биш. Эсрэгээрээ би дэлхийн амьдралыг илүү сайжруулахаар хөдөлмөрлөж буй хүмүүсийг биширдэг.

Мэдээж нэг сая хүнийг ангараг гараг руу илгээх нь гайхалтай явдал. Гэхдээ энд үлдэх 7,5 тэрбум хүнийг бид яах юм бэ. Бид дэлхийг илүү тогтвортой, амьдрахад таатай газар болгоход анхаарлаа илүүтэй хандуулах хэрэгтэй юм шиг. Учир нь бид манай соёл иргэншил цаашдаа хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Нэг, хоёр сая жил үү. Бидэнд ердөө 100 жил л байна. Бид ирээдүйд учирч болох бүх асуудлыг өнөөдөр шийдэж чадахгүй. Гэвч бид ирээдүйн өмнө хариуцлага хүлээх ёстой. Тиймээс ирээдүйн иргэддээ амьдрах таатай орчныг өнөөдрөөс өвлүүлэх хэрэгтэй.

Миний бодлоор хиймэл оюун ухаан бол бид бие биенээ улам илүү ойлгоход тусалж чадна. Сүүлийн 200 жилийн түүхэнд хүмүүс бие биенээ ойлгоогүйн улмаас үргэлж өөр хоорондоо байлдаж, дайн хийсээр ирсэн. Харин хиймэл оюун ухаан биднийг, бидний зүрх сэтгэлийг ойлгож чадна. Яг л чиний дэлхийн цөм хүртэл өрөмдөж эрчим хүч гаргаж авна гэдэг санаа шиг.

Би чиний ярилцлагуудыг уншаад огт өөр ертөнцийн, биднээс хол илүү сэтгэж буй хүн юм байна гэдгийг олж хардаг. Хүн төрөлхтөнд яг л чам шиг ийм баатрууд хэрэгтэй. Би чамайг маш их биширч, хүндэлдэг. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бидэнд дэлхийг илүү сайн сайхан газар болгохын төлөө өдөр бүр шаргуу ажилладаг яг над шиг баатрууд илүү хэрэг болоод байна.

-ЭМ: Тийм ээ, сайхан сонсогдож байна. Гэхдээ би ч гэсэн дэлхийг илүү сайхан газар болгохын тулд олон зүйл хийсэн хүн. Жишээ нь, би амьдралынхаа ихэнх цагийг агаарт хорт утаа ялгаруулдаггүй бүрэн-цахилгаан авто машин, нарийн эрчим хүч хураах батарей хөгжүүлэх зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт зүтгэж өнгөрүүлсэн.

Гэхдээ чи үүнийг бодож үзэх хэрэгтэй. Хүмүүс уруул өнгөлөгч, гоо сайхны бүтээгдэхүүн хийхийн тулд жилд хэдий хэмжээний ахин хэзээ ч сэргэхгүй байгалийн нөөцийг ашигладаг вэ. Бид шинжлэх ухаан, ирээдүйд зарцуулах ёстойгоосоо хэдэн зуу дахин илүүг гоо сайхандаа зарцуулдаг.

Харин бид амьдрах боломжтой өөр гарагт хүрч, тэндхийн байгалийн нөөц баялгийг эзэмшин, нааш тээвэрлэх шийдлийг олж чадвал чиний хэлсэн ирэх 100 жилд дэлхийн байгалийн нөөцийг хадгалж, онгон чигээр нь ирээдүйдээ өвлүүлж үлдээх боломж нээгдэнэ. Бид өнөөдөр дэлхийг асар ихээр сүйрүүлж байгаа. Гэхдээ энэ бол 2019 он. Үүнээс цааш энэ тоо бидний хэрэгцээг дагаж чөлөөт өсөлтөөр улам л өсөн нэмэгдэх болно.

Миний хүсээд байгаа ангарагаас байгалийн баялаг олборлох төслийг амжилттай болгохын тулд бид дэлхийн байгалийн нөөцийн нэг хувийг ашиглаж тэнд хүрэх тооцоолол бий. Мэдээж юм бүхэн төлөөс, гарз шаарддаг. Гэхдээ хамгийн чухал нь үүнийг ирээдүйд оруулж буй маш том суурь хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь харах хэрэгтэй.

Би өнөөдөр Шанхай хотод энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Өөрийн “Tesla” компанийн Хятад дахь багийн ажилтай танилцаад үнэхээр сэтгэл өндөр байна. Тэд энд дэлхийг илүү сайхан газар болгоход чиглэгдсэн үнэхээр гайхалтай ажлуудыг хийж байна.

Миний бодлоор Хятад бол дэлхийн ирээдүй. Энэ нь эдийн засгийн өсөлт, санхүүтэй ямар ч холбоогүй. Учир нь энд манайхтай адил сансрын хөлөг онгоц бүтээхээр ажиллаж буй хэд хэдэн компани байна. Тэд бүгд л ирээдүй рүү тэмүүлж байгаа. Үүндээ зориулж шинжлэх ухааныг маш хүчтэй санхүүжүүлж байна. Би үүгээр нь бахархдаг.

-ЖМ: Хоёулаа өөр сэдэвт шилжих үү?

-ЭМ: Тэгье.

-ЖМ: Ажлын байр гэсэн сэдэв байна. Хиймэл оюун ухаан бий болсноор хүмүүсийн ажлын байрыг булааж эхэлсэн талаарх асуулт байна. Чи юу гэж бодож байна? Миний бодлоор бидэнд яагаад тийм их ажлын байр хэрэгтэй гэж.

Хүн төрөлхтний түүхэнд технологийн хувьсгал гарах бүрт хүмүүс ажлын байраа алдсаар ирсэн. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс ажлын байраа алдахаас айдаг. Гэтэл үнэн хэрэгтээ сүүлийн 200 жилд маш олон технологи бий болж хүмүүсийн ажлыг булаасан ч бид түүнээс ч их ажлын байрыг шинээр бий болгосон.

Аж үйлдвэрийн хувьсгалын онол ёсоор нэг шинэ ажлын байр өөр олон шинэ ажлын байрыг бий болгож байдаг. Би 2030 он гэхэд анагаахын шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж хүний дундаж наслалт 100-120 болно гэдэгт бүрэн итгэдэг. Гэхдээ энэ бол тийм сайхан зүйл биш. Учир нь чи ач зээ нарынхаа хүүхдүүдтэй хамт амьдрахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно.

Миний асуусан асуулт бол яагаад бидэнд тийм их ажлын байр хэрэгтэй гэж. Миний бодлоор хүмүүс долоо хоногийн гурван өдөрт ажлын дөрвөн цагаар л ажиллах ёстой. Хүн төрөлхтөн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдтэй болсноор бидний амьдрал эрс өөрчлөгдсөн. Бид илүү орой унтах болж, шөнийн цагаар зугаацаж, бас мэдлэг хуримтлуулдаг болсон. Бидний өмнө нь огт ашиглаж чаддаггүй байсан цаг хугацааг эрчим хүчний тусламжтай одоо хүссэн зүйлдээ зарцуулж байна.

Үүнтэй адилаар хиймэл оюун ухааны тусламжтай хүмүүс өөртөө зарцуулах илүү их чөлөөт цагтай болно. Чи бидний амьдрал маш хялбар болно. Жишээ нь би дэлхийн 300 хотоор аялсан. Аав маань 30 хот үзсэн. Өвөө маань гуравхан хот үзсэн байх. Харин миний хүү 3000 хотод очиж үзэх боломж байна. Тэр болгонд үргэлж “Tesla” шиг өөрийгөө жолооддог тээврийн хэрэгслүүд буюу роботууд танд үйлчлэх болно.

Тэр үед хүмүүсийг илүү аз жаргалтай болгодог, илүү их зүйл сурахад нь тусалдаг, илүү их туршлага хуримтлуулах боломж олгодог ажлын байрууд бий болно. Тиймээс би хиймэл оюун ухаан хүмүүсээс ажлын байрыг нь булаана гэдэг дээр огт санаа зовдоггүй. Түүний оронд зүгээр л нэгд, ажилдаа дурла. Хоёрт, бидэнд яагаад тийм их ажлын байр хэрэгтэй гэж. Бид яагаад ингэж их ажиллах ёстой гэж. Гуравт, хамгийн сонирхолтой нь бид нэгэнт ажил, амьдралын тухай ярьж байгаа учраас нэг ийм жишээ хэлье. Газар тариалангийн эрин үед хүний дундаж наслалт 30-35 насны хооронд байсан. Харин үйлдвэрлэлийн эрин үед буюу технологийн хувьсгалын ачаар хүний дундаж наслалт 70 болтлоо нэмэгдсэн. Харин хиймэл оюун ухааны эрин үед хүний дундаж наслалт 100-120 хүрэх үед гэнэт асуудал гарч ирлээ. Хүмүүсийн амьдрал дээрдэхийн хэрээр тэд хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Тэгэхээр ирээдүйд чиний хүүхдүүд 120 настай хэрнэ хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болно. Тиймээс сайтар хөдөлж чадахгүй өндөр настнуудад тохирсон ажлын байрууд бий болно. Тэр нь хиймэл оюун ухаан байх болно.

-ЭМ: Тийм ээ, би ч гэсэн ирээдүйд хүмүүстэй харилцдаг ажил хийдэг хүмүүст давуу талтай байх болно гэж боддог. Мэдээж инженер, урлаг гээд чиглэлүүд үүн дээр нэмэгдэнэ.

Насны асуудалд дээр ийм л учраас бид “Neuralink” компанийг байгуулсан. Учир нь өөрийн тархиндаа төхөөрөмж суулгахгүй л бол чи бусдаасаа хоцорно гэсэн үг. Энэ зүйл бодит болоход тийм ч бага хугацаа үлдээгүй. Тиймээс бид энэ төсөл дээрээ маш шаргуу ажиллаж байгаа.

-ЖМ: Би өөрийн шийдэж чадахгүй асуудалдаа тийм ч их санаа зовдоггүй. Угаас би шийдэж чадахгүйгээс хойш дараагийн хүмүүст нь асуудлыг үлдээдэг. Хэрэв хэн ч тэр асуудлыг шийдэж чадахгүй бол тэр чигт нь хая. Энэ бол миний амьдралын зарчим.

За одоо хоёулаа боловсрол гэсэн сэдвийг сонгоё. Маш сонирхолтой сэдэв шүү дээ. Тэгэхээр ямар мэдлэг, чадваруудыг эзэмшсэн байхад ирээдүйд амжилттай байхад туслах вэ. Ирээдүйд хиймэл оюун ухааны чиглэлд хүч үзэхээр төлөвлөж буй мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөөч гэсэн байна.

Би ирээдүйд хиймэл оюун ухаанаар мэргэшсэн боловсон хүчин байна гэж бодохгүй байна. Хүмүүс хэрхэн ажилд орохдоо талаараа санаа зовдог. Харин би боловсролд илүү анхаарал хандуулдаг. Миний сургуулиас сурсан болон одоо бид хүүхдүүддээ зааж буй боловсролын систем бол үйлдвэрлэлийн эрин үед зориулж загварчлагдсан зүйл. Ирээдүйд машинууд хүнээс илүү ухаалаг байна гэдэгт би итгэлтэй байдаг.

Харин бид яаж тэднээс хоцрохгүй байх вэ. Үүний тулд бид боловсролын системээ бүрэн өөрчлөх хэрэгтэй гэж би боддог. Учир нь өнгөрсөн үед өнөөгийн боловсролын системийг юмсыг цээжлэхэд чиглүүлэн загварчилсан. Гэтэл өнөөдөр компьютер биднээс илүү санах ойтой. Үнэндээ аливаа зүйлийг хэзээ ч мартдаггүй. Тэд биднээс хурдан тоо боддог. Харин компьютер үүнийгээ хүний оролцоогүй бие даан хөгжүүлж хараахан чадахгүй.

Тиймээс бид хүүхдүүдээ илүү бүтээлч сэтгэлгээтэй болгож хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол боловсролын түлхүүр зарчим байх ёстой. Би өөрийн хүүхдүүдээ уран зураг, дуу хөгжим, бүжиг зэрэг урлагуудад илүүтэй дайчилж, хичээллүүлдэг. Учир нь бүтээлч байдал хөгжүүлэх эдгээр урлагийн төрлүүд нь хүнд өөрийгөө хүн гэдгээ бүрэн мэдэрч, илүү таашаалтай амьдрах боломжийг олгодог.

Түүнээс математикч болох гээд үүнийг тэгж гүнзгий судаллаа ч аль хэдийн машинд ялагдчихсан шүү дээ. Компьютер бол машин. Тэдэнд зөвхөн чип л бий. Харин хүнд зүрх сэтгэлтэй. Хүний зүрх сэтгэлээс зөн совин урган гардаг.

Миний бодлоор ирэх 10, 20 жилд дэлхий дахин тэр чигтээ бүх Засгийн газрууд ирээдүйд хүүхдүүд маань ажилд яаж орох вэ гэдгээс илүүтэй хэрхэн амьдрах вэ гэдэгт төвлөрдөг, долоо хоногийн гурван өдөр ажлын дөрвөн цагаар ажиллах системд зориулсан иргэдийг бэлтгэх боловсролын системийн шинэчлэлийг эхлүүлэх байх. Энэ бол маш чухал. Хэрэв бид боловсролын салбарт системийн шинэчлэл хийхгүй л бол ирээдүйд маш том асуудалд орох болно. Энэ бол зөвхөн миний үзэл бодол. Тиймээс юунд ч битгий санаа зов. Бас хэрэв бид хүсвэл үүнийг өөрчилж чадна.

-ЭМ: Гайхалтай. Би хувьдаа ирээдүйд бэлдэхийн тулд аль чадахаараа бүх юмыг сурахыг оролдохын оронд ирээдүйг урьдчилан харахын тулд зөв зүйлдээ суралцах хэрэгтэй гэдэг дээр санал нэгддэг. Хүмүүс аливаа зүйлийг сурахдаа энэ нь ирээдүйд хэр эрсдэлтэй вэ, хэр зэрэг аюулгүй салбар вэ гэдэгт их анхаарч яг юуг сурах ёстой вэ гэдгээ олж хардаггүй. Тиймээс ирээдүйг илүү тодорхой болгох чиглэлд боловсролын систем цаашдаа чиглэх ёстой.

Бидний “Neuralink” төсөл үүнийг бодит болгох боломжтой. Цаашдаа мэдлэгийг ном, сургуулиас бус зүгээр интернетээс өөрийн тархиндаа шууд татаж авах бололцоотой. Хэрвээ чи нисдэг тэрэг жолоодож сурахыг хүсэж байвал зүгээр л зааврыг нь тархиндаа татаж авахад болно. Гэхдээ тэр үед нисдэг тэрэгнүүд өөрсдийгөө жолооддог болсон байна. Тэгэхээр ер нь хүссэн мэдлэг, чадвараа хиймэл оюун ухааны тусламжтай өөртөө шууд суулгаж болно.

Одоогийн боловсролын тогтолцоо бол мэдээлэл дамжуулах хурд болон холболтын хувьд итгэмээргүй удаашралтай. Лекцүүд бол уйтгартай гэдгийг бүгд мэднэ. Хэрэв бидний төсөл амжилттай болбол цаашид сургууль, боловсролын систем ч хэрэггүй болно. Гэхдээ яг маргааш гэхэд таны тархинд төхөөрөмж суулгаад та Альберт Эйнштейн болчихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түрүүн чиний хэлсэнчлэн ирээдүйн талаарх бүх таамаглалуудын 99,99 хувь нь зөрдөг. Гэхдээ үлдсэн 00,1 хувийг яаж амжилттай болгодог гэхээр туршиж үзэхээс бүх зүйл эхэлдэг. Тиймээс л бид үүнийг туршиж байгаа.

-ЖМ: Тийм шүү, туршиж үзнэ гэдэг бол хамгийн чухал зүйл. Маш олон алдаа, дутагдал гарах болно. Гэхдээ алдаа хийнэ гэдэг бол хүн байхын хамгийн жаргалтай хэсэг нь гэж би боддог. Хиймэл оюун ухааны ирээдүйд учруулах сүйрлүүдийн талаар хүмүүс их ярьж, олон ч кино хийсэн байдаг. Үнэндээ ирээдүйд ямар ч зүйл болсон энэ бол хүмүүс бидний л хийсэн нэг алдаа болох юм. Харин хүнд байдаг хамгийн гайхалтай чанар бол алдаагаа засаж, түүнийгээ сайжруулах явдал юм. Яг үүнийг л хийхэд боловсрол хэрэгтэй.

Хүн төрөлхтөнд байгаа хамгийн том нөөц баялаг юу вэ. Газрын тос, газрын баялаг, эрчим хүч биш. Хүний тархи юм. Тэгвэл бид хүний тархийг хэрхэн улам илүү бүтээлч болгох вэ. Яаж машин, компьютер зэрэг нь зүгээр л хүний хэрэгцээг хангах зүйл гэдгийг ойлгуулах вэ. Надтай уулзсан олон хүмүүс, ялангуяа сүүлийн хоёр жилд хиймэл оюун ухаан ирээдүйд хүмүүсийг удирдана гэдэг. Энэ ямар ч боломжгүй зүйл. Учир нь хүн бол шал өөр дээд оюунлаг төрөл зүйл юм. Харин машин бол бидний бүтээл.

Энгийн логик жишээ авъя. Хүн хэзээ ч өөрөөсөө илүү ухаантай амьтан бүтээж чадахгүй. Учир нь өөрөөсөө илүү ухаантай болсон гэдгийг яаж мэдэх юм. Тэрийг яаж тодорхойлох юм.

-ЭМ: Би энэ асуудал дээр ёстой эсрэг байр суурьтай байна.

-ЖМ: Ашгүй дээ. Бид өнөөдөр анх удаа санал зөрлөө.

-ЭМ: Тийм ээ, тэгэхээр чиний бодлоор бид өөрсдийгөө маш тэнэг гэдэг дээр санал нэгдэж байна гэсэн өнцөг гарч ирж байна. Бид одоо байгаагаасаа хамаагүй илүү ухаалаг байх боломжтой. Хүн төрөлхтний хамгийн эртний буюу балар эртний соёл иргэншилд ч хүмүүс хүйтэн өвлийг давж, хоол тэжээлээ боловсруулахын тулд гал гаргах технологийг бий болгосон. Харин одоо бидэнд халаалттай орон сууц, хоол боловсруулах шарах шүүгээ байна. Тэгэхээр цаг хугацаа өнгөрч хүмүүсийн хэрэглэдэг төхөөрөмжүүд боловсронгуй болохын хэрээр бид ч гэсэн ухаалаг болсоор байгаа. Энэ бүхэн цаашид ч үргэлжлэх болно. Учир нь бид хувьслын хамгийн сүүлийн шатан дээрээ ирээгүй байна.

Миний олж харснаар ухаалаг хүмүүсийн хийдэг хамгийн том алдаа бол тэд өөрсдийгөө ухаалаг гэж бодох явдал. Үнэн хэрэгтээ тийм биш.

-ЖМ: Надад нэг зүйл асуух боломж олгооч. Хүний гараар бүтсэн биднээс илүү ухаалаг ямар нэгэн зүйлийг нэрлээч?

-ЭМ: Тэгэхээр компьютерууд аль эрт хүнээс хол илүү ухаантай болсон. Учир нь тэд хүмүүсээс хавьгүй олон хэмжээст ертөнцөд үйлдэл хийдэг. Жишээ нь шатар сайн тоглодог хүн ухаантайд тооцогддог. Гэтэл Гари Каспаров олон жилийн өмнө “Deep Blue” гэх компьютертой шатар тоглоод арчуулсан. Энэ үйл явдал 22 жилийн өмнө болж өнгөрсөн. Гэтэл өнөөдөр ямар ч ухаалаг гар утас шатрын дэлхийн аваргыг хялбархан хожиж чадна. Үүнийг батлах өөр нэг жишээ гэвэл “AlphaGo Zero” гэж программ дэлхийн бүх шатрын их мастеруудыг бут нэргэсэн. Харин үүний дараа компьютер, компьютерын эсрэг тоглож “Alpha 1” гэж программ “AlphaGo Zero”-ыг “100-0”-ын харьцаатай хожсон.

Тэгэхээр өнөөдөр хүн компьютертой шатар тоглоно гэдэг бол хүн Зэүс бурхантай тулалдахтай яг ижил буюу ямар ч найдваргүй. Үүний дээр компьютерууд жил ирэх бүр улам жижиг, улам хүчирхэг болсоор байгаа. Тун удалгүй бүх хэсгүүд нь нэг зүйл дээр цогцоороо төвлөрөх болно. Энэ бол баталгаатай.

-ЖМ: Миний санаа бол компьютер илүү академик боловсрол дээр төвлөрсөн ухаалаг. Харин хүн бол илүү туршлага дээр тулгуурласан ухаалаг. Энэ хоёрын хооронд ялгаа бий. Үүний дээр хүн компьютерыг бүтээсэн. Харин би компьютерын бүтээсэн хүнийг өмнө нь огт харж байгаагүй юм байна.

Дараагийн санаа бол хүн компьютертой тоглоно гэдэг бол маш утгагүй өрсөлдөөн. Учир нь хүн хэзээ ч ямар нэгэн зорилгын төлөө компьютертой өрсөлдөөд ялахгүй нь тодорхой. Хүмүүс 100 жилийн өмнө авто машин зохион бүтээсэн. Тэр үед хүмүүс өөрийгөө авто машинаас хурдан гэдгийг батлах гэж хичээсэн. Энэ бол хэзээ ч бүтэшгүй зүйл. Хамгийн тэнэг хүмүүс л машинтай өрсөлддөг.

Эмэгтэй хүн бол хүн-хүнтэй харьцах харилцааг зохицуулахаар загварчлагдсан. Шатар ч гэсэн хүн-хүнтэйгээ тоглоход зориулагдсан тоглоом. Гэтэл яагаад хүн компьютертой шатар тоглох ёстой гэж. Би компьютерын эсрэг огт шатар тоглодоггүй. Харин үүний оронд компьютерууд өөр хоорондоо тоглохыг шимтэн үзнэ.

Би тэнэг хүмүүс компьютертой шатар тоглож ялагдсанаас болж бусад нь өө бид ч машинуудын хажууд ухаан муутай амьтад юм даа гээд сэтгэлээр унаж байгааг харж байсан. Тэгэх хэрэггүй. Бид угаасаа дийлэхгүй шүү дээ. Гэхдээ бидний чаддаг ихэнх зүйлсийг компьютерууд хийж чадахгүй.

-ЭМ: Чиний хэлэх гээд байгаа санааг ойлголоо. Тэгвэл хиймэл оюун ухааны тусламжтай бидний хэзээ ч шийдэж чадахгүй асуудлуудыг маш өндөр үр дүнтэйгээр шийдвэрлэж эхэлсэн. Учир нь хиймэл оюун ухаан бидний сэтгэж чадахгүйгээр эрх чөлөөтэй бодолт хийдэг. Тэдний бодох чадварт ямар ч саад, цензур гэж байхгүй.

Компьютер хүнтэй шатар тоглоод хожиж байгаа нь ухаантай гэдгээсээ илүү дараагийн үйлдлээ ямар нэгэн саадгүй бодож байгаатай холбоотой. Хиймэл оюун ухаан хүний үйлдлүүдийг өөртөө туршлага болгон суралцдаг. Энэ үедэ ганцхан хүний бус нэгэн зэрэг хэдэн мянган хүний үйлдлийг зэрэг боловсруулж суралцаж чаддаг.

Үүнийг ярьсан чинь миний толгойд нэг хошигнол орж ирлээ. Хэрвээ хүний амьдрал видео тоглоом байсан бол танилцуулга нь ямар байх байсан бэ гэж л дээ. Тэгсэн, график бол итгэмээргүй гайхалтай. Үйл явдал нь толгой эргүүлэм. Нөхөн сэргэхдээ их удаан. Энэ бол хүний амьдралын талаарх компьютерын тоглоом. Учир нь хүн нөхөн сэргэхэд бүтэн 20 жил шаардлагатай.

Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалд их эмзэг ханддаг хүн. Энэ зүйл маш эртнээс эхэлсэн. Манай дэлхий дээр 7,5 тэрбум хүн амьдарч байна. Энэ асуудал улам л хүнд болсоор байгаа. Миний бодлоор хүн төрөлхтний өмнө ирэх 20 жилд тулгарах хамгийн том асуудал бол хүн амын хэт өсөлт. Дэлхийн дулаарал, ямар нэгэн байгалийн гамшиг, сүйрэл, дэлбэрэлт бус хүн амын хэт өсөлт маш том аюул гэж би хардаг. Бид нэгнээ гарал үүслээр нь ялгаж, шашин шүтлэгээр нь гадуурхсанаас болж ямар аймшигтай дайнуудыг яг одоо даван туулж байгаа болохыг бүгд мэднэ. Харин дээрх асуудал тулж ирэх үед энэ зүйл улам л дэврэх болно. Харин хиймэл оюун ухаан хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй. Бүгдэд тэгш үйлчлэхээр програмчлагдсан зүйл юм.

-ЖМ: Би ч гэсэн үүнтэй санал нэг байдаг. Хүн амын хэт өсөлт бол шийдвэрлэхэд маш хэцүү хамгийн том асуудал. Ирэх 20 жилд үүнээс болж хүн төрөлхтөн маш том асуудлуудтай нүүр тулах нь тодорхой. Жишээ нь Хятадын нийт хүн ам өнөөдөр 1,4 тэрбум байна. Энэ тоо хүн бүрд их сонсогддог. Тэгвэл 20 жилийн дараа энэ тоо хэд болох бол. Хэд ч байсан гэсэн аймшигтай үр дагаварт хүргэх аюултай. Хүн амын энэ хэт өсөлт хүн амын огцом нуралтыг бий болгодог.

-ЭМ: Тийм ээ. Миний хэлэх гээд байгаа санаа бол яг наадах чинь. Тэгээд тэр үед цагаачдын асуудал гэдэг сөхөгдөх үед өнөөдрийн цагаачдын асуудал хажууд нь юу ч биш байх болно.

-ЖМ: Тэгэхээр чиний ангараг гараг руу хүмүүс илгээж соёл иргэншил байгуулах санаа их зөв зүйл байна. Тэр их цагаачдыг тийш илгээх шийдэл байж болох юм.

-ЭМ: Тийм ээ. Ангараг дээр хүмүүс хэрэгтэй. Учир нь тэндхийн соёл иргэншил одоогоор гарын арван хуруунд багтах хэдхэн машин, робот, төхөөрөмжөөр хязгаарлагдаж байгаа.

-ЖМ: Тэгэхээр Хятадад жил бүр 18 сая шинэ хүүхэд төрж байна. Тэдний хэдэн хувьд нь хангалуун амьдрах боломж олддог вэ. Маш бага хувь нь л ийм азтай таардаг. Тиймээс дэлхий дээр хүн бүрт боломж ижил олдохгүйгээс хойш чиний ангараг руу хүмүүс илгээх санааг дэмжих хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг онцгой татах хэрэгтэй.

Гэхдээ ийм асуудал байна. Хиймэл оюун ухаан хүний хүсэж буй зүйлсийг логик дэс дараатайгаар гүйцэтгэхдээ биднээс хол илүү. Гэхдээ хүмүүс бид өөрсдийнхөө хүсэж буй зүйлийг логик дэс дараалалгүй хийж чаддаг. Жишээ нь чи хэн нэгнийг яагаад хайрлаж байгаагаа мэддэггүй. Зүгээр л хайрладаг. Надад лав хайртай хүмүүсээ хайрлахад ямар нэгэн логик дэс дараа хэрэг болдоггүй. Гэхдээ хэрвээ хүмүүс хэн нэгнийг үзэн ядаж, түүнд муу зүйл хийхийг хүсвэл логик байдаг. Тэгэхээр би үүгээрээ хиймэл оюун ухаанаас давуу.

Тэгвэл муу залуус хиймэл оюун ухааныг програмчилж жишээ нь санхүүгийн салбарыг өөрийн хүссэнээрээ явуулах боломжтой. Мэдээж үүний эсрэг хамгаалалтыг хийж, хууль бус зүйлс хийсэн хүнийг хууль, шүүхийн байгууллагаас ч хурдтай илрүүлж асуудлыг шийдвэрлэх системийг хөгжүүлсээр байгаа. Хиймэл оюун ухаан энэ тал дээр муш хурдацтай хөгжиж байна. Зарим хүн үүнийг ирээдүйд шүүх тогтолцоог орлох боломжтой талаар ч ярьж ажил хэрэг болгоод эхэлсэн. Муу зүйлд ашиглагдах эрсдэлийн талаар яръя.

-ЭМ: Хиймэл оюун ухаан гэдэг үг хайр гэдэг үгийг төлөөлдөг.

-ЖМ: Хэрэв хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд хайрыг түгээж чадах юм бол өнгөрсөн үед ажилтанд хүрсэн хүмүүс “IQ” болон “EQ”-ын өндөр чадамжтай байсаар ирсэн. Харин ирээдүйн дэлхий ертөнцөд тэсэж үлдэхэд чамд “LQ” буюу хайр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи хиймэл оюун ухааны эрин үед хайрлахгүйгээр амьдарч чадахгүй.

-ЭМ: Тийм ээ, хайр бол цорын ганц хариулт.

-ЖМ: Бидний ярилцах цаг дуусаж байна. Сүүлийн асуултыг сонгох эрхийг чамд өгье. Амьдрал, хүн ба машин, автоматчилал зэрэг асуултууд үлдсэн байна. Чи эсвэл “Tesla”-ын машины талаар ярихыг хүсэж байна уу?

-ЭМ: Энэ яг л видео тоглоом тоглож байхад өөрийн дүрээ сонгохтой ижил юм. Би амьдрал гэдэг сэдвийг сонголоо.

-ЖМ: Амьдрал. Хүн төрөлхтөн хэр удаан хугацаанд хиймэл оюун ухааны тусламжтай оршин тогтнох боломжтой вэ. Хиймэл оюун ухааны тусламжтай байгаль орчны өөрчлөлтийг шийдвэрлэх боломжтой юу гэсэн асуулт байна. Чиний бодлыг сонсъё.

-ЭМ: Миний бодлоор хүмүүс цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэдийн шийдвэрлэсэн. Гүйцэтгэлийн хувьд л бүрэн болоогүй байна. Өнөөдөр үүнийг шууд шийдвэрлэхийн тулд эрс шийдэмгий алхмуудыг хийх ёстой болоод байгаа. Гэхдээ үүнд хүмүүс төдийлөн бэлтгэлтэй биш байна. Тиймээс алгуурхнаар өөрчлөлтөд бэлтгэсээр нэлээдгүй хугацаа өнгөрлөө.

Хятад улс гэхэд л цаг уурын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлэх байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Үүний эсрэг залруулах арга хэмжээгээрээ ч тэр тэргүүлж байна. Энэ тал дээр Хятадуудын хэрэгжүүлж буй зарим төслүүдийг хараад би хувьдаа үнэхээр алмайрдаг. Жишээ нь дэлхийн нийт бүрэн-цахилгаан авто машины хагасыг Хятадад үйлдвэрлэдэг. Энэ бол цаг уурын өөрчлөлтийн эсрэг бодитой хэрэгжиж буй олон шийдлүүдийн нэг.

Миний болон “Neuralink”-ын багийнхны хувьд хүний дундаж наслалт тэгэж их анхаарал татаад байх зүйл биш. Учир нь чи өөрийн оршихуйгаа зөвхөн өөрөө л хамгаалж, тордож чадна. Энэ нь видео тоглоом тоглож байгаад хадгалаад дараа нь яг орхисон цэгээсээ үргэлжлүүлэн тоглодогтой зарчмын хувьд ижил юм.

Бид биологийн хувьд хүний насжилтыг бүрэн хянах боломжтой. Заавал ингэж ДНХ-р оролдолгүй өөрт тохирсон бясалгал юм уу иога хийгээд хүн үүнд хүрч болно. Гэхдээ цаг уурын өөрчлөлт, орчны бохирдлын асуудал үүнийг боломжгүй болгосон. Яах вэ хүмүүс хүлээн зөвшөөрөөд генийн өөрчлөлт хийж залуу чигээрээ илүү удаан амьдрах бололцоо байгаа. Гэхдээ насжилт яаж явагдахаас үл хамааран бидний оюун санаанд өөрчлөлт орохгүй. Тиймээс урт наслахаас илүүтэй, ухаантай амьдрах нь чухал гэж үздэг залуус “Neuralink” төсөл дээр ажилладаг. Ер нь амьдралын хүрд ингэж л үргэлжилдэг. Цаашид яах нь хамаагүй. Гол мөн чанараа л алдахгүй байх нь чухал. Үүн дээр л төвлөрөх хэрэгтэй.

-ЖМ: Хиймэл оюун ухаан цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чухал эерэг нөлөөтэй гэдгийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Үүний тусламжтай илүү эрүүл, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бий болгох боломжтой. Би энэ гарагаас өөр хаашаа ч явахыг хүсэхгүй. Би энэ дэлхийг илүү сайхан, ирээдүй хойч үе амьдрахад илүү таатай болгохын төлөө бүхнээ дайчлах болно.

Сансарт нисэж, ангараг гараг дээрээс байгалийн баялаг олборлохын тулд дэлхийн байгалийн нөөцийг ашиглана гэдэг тийм ч муу зүйл биш. Гэхдээ ингэж байгалиа сүйтгэхийн оронд яагаад далайд байгаа пластик хог хаягдлуудыг цэвэрлэж болохгүй гэж. Ингэх нь лав ангараг руу нисэж тэнд соёл иргэншил бий болгохоос илүү хялбар бас хямд тусах байх. Үүнийг хиймэл оюун ухаан шийдэж чадна.

Мөн хиймэл оюун ухааны тусламжтай хүн илүү урт насална гэж байна. Тэгвэл урт наслахаас илүүтэй эрүүл урт наслах нь чухал. Хэрхэн эрүүл амьдрах вэ гэдэг асуулт л биднийг өөрсдийгөө илүү сайн ойлгоход тусална. Ихэнх өвчлөлүүд бидний амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг. Би ирээдүйд хүмүүс илүү урт насална гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Бас эрүүл. Магадгүй заавал аз жаргалтай байх албагүй.

Хэрэв аз жаргалтай амьдрахыг хүсэж байвал үнэ цэнэ, хүсэл зорилго, үргэлж мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Би хүмүүсийг технологийг хайрлаж, үүнийг хүсэж мөрөөдөөсэй гэж хүсэхгүй байна. Учир нь технологи дэлхийг өөрчилж чадахгүй. Технологийн цаана байгаа мөрөөдөл л дэлхийг өөрчилж чадна. Бид яг одоо явж байгаа замаа илүү тордож, сайжруулах нь 7,5 тэрбум хүнийг илүү аз жаргалтай, эрүүл амьдрахад тусална гэж найддаг. Энэ бол бидний тухай, дэлхийн тухай зүйл.

Эцэст нь би чиний бүтээлүүдэд хайртай Элон. Чиний “Tesla” гэхэд агаарт хорт утаа ялгаруулахгүйгээс гадна дуу чимээ огт гаргадаггүй. Бидэнд байгаа нэг асуудал бол орчны дуу чимээний бохирдол. Чамайг Хятадад авто машины үйлдвэр нээсэнд би хувьдаа маш баяртай байдаг. Бид энэ дэлхийг илүү сайн, сайхан газар болгож хүмүүсийг илүү аз жаргалтай, эрүүл амьдруулахын тулд цаашид үүнээс ч илүүг хийх ёстой. Харин хүмүүс гэр бүл, хайртай дотнын хүмүүстээ илүү санаа тавих хэрэгтэй. Тэгээд бидэнд итгээд үлдсэн зүйлсийг даатга. Хүн хүндээ итгэ. Залуу үедээ итгэ.

Бид нар хариуцлагыг өнөөдрөөс эхлэн дор бүрнээ өөр дээрээ хүлээн авч байх хэрэгтэй. Бид бүхэнд тулгамдаад буй асуудлуудын шийдлийг хайж маргааш гэж хойш тавьж хэрхэвч болохгүй. Алдаа хийнэ гэдэг бол хүн байгаагийн шинж. Алдаагаа засах нь харин сайн зүйл. Эцсийн эцэст бүгд л үгүй болдог хорвоо.

-ЭМ: Тийм шүү. Ёстой үнэн. Ухамсрын гэрэл гэгээг түгээхийн төлөө зүтгэцгээе! Баярлалаа.

-ЖМ: Баярлалаа залуу минь. Сайхан ярилцлаа.

Эх сурвалж: New China TV
Орчуулсан О.Мөнхбат

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419