АНУ хамгийн чухал тагнуулаа Оросоос гаргаж авсан нь ил болжээ
АНУ Оросын засгийн газрын дотор байрлуулсан хамгийн өндөр түвшний тагнуулаа 2017 онд тус улсаас гаргаж авч байсан нь саяхан ил болсон тухай CNN агентлаг мэдээлжээ.
Уг мэдээллийг задруулсан нэрээ нууцалсан эх сурвалж Ерөнхийлөгч Трамп 2016 онд нууцын зэрэглэлтэй мэдээллийг Оросын засгийн газартай хуваалцсанаас болж Тагнуулын Төв Газрын нууц ажилтан нь илчлэгдэж магадгүй гэж үзсэн учраас ийм арга хэмжээ авсныг онцолсон байна.
Ерөнхийлөгч Оросын тагнуулчдын талаар тодруулж, тусгайлан яриагүй ч тагнуулын ажилтнуудын өртөх болзошгүй эрсдэлийн талаарх эртний хэлэлцүүлгийг дахин эхлүүлэхийг шаардсан гэж энэ асуудалд шууд оролцсон эх сурвалж мэдээллээ.
Тухайн үед Тагнуулын Төв Газрын дарга асан Майк Помпео Трампын засаг захиргааны бусад албан тушаалтнуудын нууц мэдээлэл Оросын талд ямар нэг байдлаар хүрч байгааг анхааруулсан байдаг. Тагнуулын ажилтнуудыг зөвхөн онц ноцтой аюул тулгарсан үед л ингэж яаралтай гаргаж авдаг учраас тухайн задарсан мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй юм.
Тагнуулын төв газрын олон нийттэй харилцах газрын захирал Бриттани Брамелл CNN телевизэд өгсөн ярилцлагадаа: "Тагнуулын төв газар объектив дүн шинжилгээ, цуу яриа зэргээс болоод ийм шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл бид манай ажилтанд ноцтой аюул тулгарсан гэж үзсэн учраас ингэхээс өөр арга байгаагүй. Ерөнхийлөгч маань манай улсын хамгийн өндөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг буруу хүмүүстэй хуваалцсан нь мэдээж үүнд нөлөөлсөн" гэжээ.
Харин төрийн нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Майк Помпео энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна. Мөн Оросын талаас уг асуудлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.