Хятад Америкийн хоригийг зөрчиж Иранд 280 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Хятад улс АНУ-ын хоригт орсон Ираны нефть, хий, нефтийн химийн салбарт 280 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж "Petroleum Economist" сэтгүүлд бичжээ.
Тус сэтгүүлд Ираны газрын тосны яаманд холбогдсон ахмад эх сурвалжаас иш татан энэхүү асар их хөрөнгө оруулалт нь хоёр улсын шинэ хэлэлцээрийн гол цэг болж байгааг тэмдэглэв. Үүнийг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф 8-р сарын сүүлчээр Хятадад айлчлах үеэрээ 2016 онд байгуулсан Стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн газрын зургийг танилцуулах үеэрээ баталсан байна.
Сэтгүүлийн мэдээлж буйгаар Бээжин нэн даруй Ираны газрын тосны салбар болон аж үйлдвэрийн дэд бүтцэд 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлажээ.
Уг их хэмжээний хөрөнгө оруулалтыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш эхний таван жилийн хугацаанд олгох аж. Хэрэв хоёр тал ахин зөвшилцөж чадах юм бол дараагийн 10 жилийн хугацаанд нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.
Энэ бүхний хариуд нь Иран Хятадын компаниудад газрын тос, байгалийн хийн талбайг хөгжүүлэх шинэ, царцсан, бүрэн бус төслүүдийн тендерт оролцох эрх, түүнчлэн нефтийн химийн бүхий л төслүүдийг хэрэгжүүлэх, үүнд эдгээр төслийг хөгжүүлэх технологи, ажилчид зэргийг эх орондоо нэвтрүүлэх эрх олгох гэнэ.
Мөн Хятадын төслүүдийг хангах зорилгоор Ираны нутагт 5000 хүртэл Хятад иргэдийг байрлуулахаас гадна Иранаас Хятадад нийлүүлж буй газрын тос, байгалийн хий, нефтийн экспортыг нэмэгдүүлэх шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхээр болжээ.