Сонирхогчдын боксын ДАШТ маргааш эхэлнэ
Маргааш буюу 2019 оны есдүгээр сарын 9-нд ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" -д ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Хоёр жил тутам зохиогддог ДАШТ-д энэ удаа 91 орны 488 боксчин оролцохоор болсон нь бүх цаг үеийн рекорд юм.
Манай Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д дараахь бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнд багийн ахлагчаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Н.Баяраа, О.Батхүү, багийн эмчээр Э.Энхбаяр оролцоно.
ОРОЛЦОХ ТАМИРЧИД
52 кг-ийн жинд Х.Энхмандах
57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Х.Энх-Амар
63 кг-ийн жинд Б.Чинзориг
69 кг-ийн жинд Г.Баярхүү
75 кг-ийн жинд Д.Давааням
81 кг-ийн жинд Н. Шинэбаяр
91 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр.
"Екатеринбург-2019" боксын ДАШТ Олимпийн хөтөлбөрт багтсан найман жингээр явагдах бөгөөд манай ширэн бээлийтнүүд долоон жинд нь ( +91 кг-аас бусдад) тамирчдаа сойх нь.
Боксын эрэгтжйчүүдийн ДАШТ анх 1974 онд Кубын Хавана хотноо зохиогдсон бөгөөд 1989 оноос хойш хоёр жил тутам зохиогддогболсон билээ.Монголын боксчид ДАШТ-ээс нийтдээ 10 медаль ( 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл) хүртээд байгаа. Энэ амжилтаар ДАШТ-ээс медаль хүртсэн 69 орноос 21-д бичигддэг билээ.
Ингээд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан боксчдоо дахин нэг сануулая.
АЛТ: П.Сэрдамба. 2009 он .Милан
Мөнгө: Р.Отгонбаяр. 1982 он. Мюнхен
Мөнгө: Т.Үйтүмэн. 1997 он. Будапешт
Мөнгө: Э.Бадар-Ууган . 2007 он.Чикаго
Мөнгө: Н.Төгсцогт. 2009 он. Милан
Хүрэл: Э.Цогтжаргал. 1993он.Тампере
Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ. 2009 он.Милан
Хүрэл: П.Сэрдамба.2011 он. Баку
Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ.2013он.Алматы
Хүрэл: Д.Отгондалай.2017 он .Хамбург
Энэ удаагийн ДАШТ-ээс "Токио-2020" олимпийн эрх олгохгүй. Учир нь ОУОХ-ноос АИБА буюу Олон улсын сонирхончдын боксын холбооны Олимпийн боксын тэмцээнийг зохион байгуулах эрхийг цуцалсан бөгөөд Олимпийн эрх олгох тивийн болон дэлхийн тэмцээнийг 2020 оны нэг болон тавдугаар сард зохион байгуулж, олимпийн рингэнд өрсөлдөх боксчод эрх олгохоор шийдвэрлэсэн билээ.
Ц.Энхтүвшин . "Таван цагариг"