Энэтхэгийн хамгийн анхны алсын зайн зүрхний хагалгаа амжилттай болжээ
Энэтхэгт анх удаа зүрхний хагалгааг амжилттайгаар алсын зайнаас хийсэн тухай "EClinicalMedicine" сэтгүүл мэдээлжээ. Тус зүрхний титэм судасны хагалгааг "Ahmedabad" эмнэлэгт хийсэн бөгөөд 5G холболттой, робот гартай төхөөрөмжийг Кор Пател гэх эмч өвчтөний байгаа газраас 32 км-ийн зайд удирджээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хөгжүүлсэн дээрх компьютер маш тод, өндөр нарийвчлалтай дэлгэцтэй тул эмч мэс заслын явцыг алдалгүй харж, туслах эмч, сувилагч нараа удирдан чиглүүлэхийн хамт “ухаалаг гар”-ынхаа тусламжтайгаар хагалгаагаа хийсэн ба уг хагалгаа 2 цагийн турш үргэлжилсэн байна.
Роботын тусламжтай алсын зайнаас мэс засал хийх нь шинэ арга барилд тооцогдсон хэвээр байгаа юм. Хэдийгээр роботуудыг мэс засалд хэрэглэх нь түгээмэл үзэгдэл болсон ч ихэвчлэн мэс заслын өрөөн дотроос эмч нь удирдаж явуулдаг. Мэдээж хэрэг мэс засал хийж байх явцад сүлжээ гацах мэтийн асуудал үүсэх бүрэн боломжтой байдаг ч энэхүү ажилбарын үеэр ямар ч алдаа гараагүй нь үнэхээр гайхамшигтай хэрэг ажээ.
Харин эмч Пател "Эрүүл мэндийн салбарын хөгжлийн нэг хуудсыг бичилцэхэд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Алсын зайны эмчилгээнд робот хэрэглэснээр хүний хөл хүрэхээргүй, аюултай газруудад хагалгаа хийх бүрэн боломжтой болох юм. Энэ талын туршлагаа бусадтай хуваалцаж байгаадаа баяртай байна. "гэж хэлжээ.