Милитарист Японы "Мандах нар туг"-ийг олимпын үеэр ашиглах болсонд Хятад, Солонгос дургүйцлээ илэрхийлэв
Токио хотноо ирэх жилийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хороо тус улсын цэргийн түрэмгийллийн үеийн бэлгэдэл болох "Мандах нар"-ны тугийг чөлөөтэй ашиглах шийдвэрийг гаргажээ.
Учир нь 9-р сарын 3-нд, Өмнөд Солонгосын SBS телевизийн мэдээлснээр олимпын наадмын зохион байгуулагч хороо нь Японд хэрэглэгддэг "Мандах нар" тугийг хориглох ямар ч улс төрийн шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн байна.
Өнөөдөр Японд "Мандах нар" тугийг зөвхөн Японы Өөрийгөө хамгаалах хүчин (JSDF) ашигладаг юм. Харин тус шийдвэр гарснаар Токиогийн олимпыг үзэх гэж буй олон тооны Япон иргэд тус тугийг чөлөөтэй ашиглах боломжтой болжээ. Гэхдээ үүнээс болоод Дэлхийн 2-р дайны үед Японы эзэнт гүрний түрэмгийлэлд өртсөн Солонгос, Хятад зэрэг орнуудтай хийх харилцаа улам муудна хэмээн улс төрийн шинжээчид үзжээ.
Уг далбааг Дэлхийн Хоёрдугаар дайны үед Японы милитаристууд билэгдлээ болгож Азийн орнуудыг эзлэн түрэмгийлж байсан түүхтэй. Ялангуяа тэдний дор колоничлогдож, толгой бөхийж явсан Солонгосчуудын хувьд энэ нь эмгэнэлт түүхийг нь санагдуулдаг юм.
Японы тэнгисийн флот 1889 онд байлдааны хөлгүүдээ иргэний зориулалтын хөлгүүдээс ялгахын тулд “Мандах нар” бүхий далбааг ашиглаж эхэлсэн юм. Сүүлд дайны дараа буюу Холбоотнуудыг Японоос явсны дараа 1952 оноос эхлэн дахин ашиглах болжээ.
“Япончууд хөрш орнууд нь "Мандах нар" тугийг Японы милитарист болон эзэнт гүрний өнгөрсөн үеийн бэлгэ тэмдэг гэж үздэгийг сайн мэднэ. Тиймээс Япон улс өөрсдийн түүхээ санахдаа илүү даруу байх хэрэгтэй” гэж Өмнөд Солонгосын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ким Ин-Чул мэдэгдсэн байна.