Английн хатан хааныг заналхийлсэн этгээдэд 12 жилийн ял оноожээ
Их Британийн Линкольншир мужийн иргэн Дэвид Парнам гэгч залуу Британийн хатан хаан болон эрх мэдэл бүхий бусад хүмүүст хоргүй цагаан нунтагтай захидал илгээснийхээ төлөө 12 жилийн хорих ял сонсжээ. Тэрбээр өөрийгөө “лалын алуурчин” хэмээн нэрлэсэн бөгөөд Английн хатан хаан II Элизабет руу "Алиалагч нар ирж явна" хэмээх үг бүхий хаягтай захидлыг илгээсэн байжээ.
Дэвид Парнам шүүх хурал дээр “Лалын шашинтнуудыг үзэн яддаг Ерөнхий сайд Тереза Мэй болон хэд хэдэн ширээт ламд мөн нунтаг бүхий захидал илгээсэн” гэж мэдүүлсэн байна.
Парнам цагаан нунтагтай захидлуудаа 2016 оны зургадугаар сараас 2018 оны зургадугаар сарын хооронд илгээжээ. Үл мэдэгдэх бодистой захидлыг Хатан хаан II Элизабет авсны дараа хими, биологи, цацраг туяа, цөмийн гэсэн олон шалгалт хийгдсэн байна. Мэргэжилтнүүд хэдэн цагийн турш уг бодисын найрлагыг тодорхойлохыг оролдсоны эцэст хоргүй болохыг нь мэджээ.
Харин түүнээс хэдхэн цагийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Английн сүмийн хоёр хамба лам мөн ийм бодис бүхий захидлыг хүлээн авсан байна. Дугтуйд цагаан өнгийн нунтаг бодис байсан бөгөөд хаяг дээр нь "Алиалагч ирж явна" гэсэн үг оруулсан байжээ. Парнам Английн Дотоод хэргийн яам, Английн банканд хүртэл цагаан нунтагтай захидал илгээсэн байна.