Хойд Солонгос НҮБ-ыг илгээж буй хүмүүнлэгийн тусламжаа зогсоохыг шаарджээ. Энэхүү мэдэгдлийг Хойд Солонгосын НҮБ-д суух бүрэн эрхт төлөөлөгч Ким Чан Мин хийсэн бөгөөд тэрбээр "НҮБ-ын гишүүн орнууд өөрсдийн илгээж буй сайн дурын ажилтнуудаараа дамжуулж манай улсын иргэдийг улс төржүүлэх оролдлого хийж байгаа учраас ийм шийдвэр гаргалаа" гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын тооцоогоор 10.3 сая хүн буюу Хойд Солонгосчуудын 41 орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалтай байгаагаас гадна Пхеньян энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн хүнсний хомстлыг ган гачиг, үерээс болж байгаа гэж мэдэгдсэн байна.
Мөн Ким Чан Мин “Зарим орнууд манай орны эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг НҮБ зүгээр хараад суугаад байж болохгүй" гэж нэмж хэлжээ.
Хойд Солонгосын тавьж буй шаардлагаар бол энэ оны эцэс гэхэд ихэнх хүмүүнлэгийн ажиллагааг зогсоож, гадаадаас ирж буй сайн дурын ажилтнуудын тоог огцом цөөлөх ёстой юм байна.
Мөн тус улсын эрх баригчид 2020-2021 оны хооронд шинээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр бол ард иргэдэд нь өгч буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээнд тааруулж сайн дурын ажилтан ирүүлж байхыг шаарджээ.
Одоогийн байдлаар НҮБ энэхүү шаардлагад хариу өгөөгүй бөгөөд НҮБ-ын төлөөлөгч "Үүнээс өмнө тус улсад үзүүлж буй тусламжийг хянан зохицуулах мэргэжилтнүүд дутмаг байсан. Гэхдээ хүн амын тал нь өлсөж байхад ийм мэдэгдэл хийсэнд нь бид тун их гайхаж байна" гэж мэдэгджээ.