Бразилын гэмт бүлэглэл Германы банкнаас 1.5 сая евро хулгайлжээ
Бразилын нэгэн гэмт бүлэглэл EMV технологиор хамгаалагдсан 2000 гаруй хэрэглэгчийн мэдээллийг ашиглан Германы банкнаас 1.5 сая евро буюу 1.65 сая ам.долларын хөрөнгийг хулгайлжээ. Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд Германы "Олденбургисче Ландесбанк" (OLB) банкны үйлчлүүлэгчид ийнхүү мөнгөө алдсан байна.
Тус хэрэгт зөвхөн "OLB" банкнаас гаргасан "Mastercard"-ны данснууд өртсөн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
"OLB" банк хэрэг гарсныг мэдмэгцээ бүх үйлчлүүлэгчдийнхээ дансыг түр хаасан ба одоогийн байдлаар тэдгээрийг эргэж нээх үйл явц үргэлжилж байна. Мөн тус банк мөнгөө алдсан иргэдийн хохирлыг бүрэн барагдуулсан гэнэ.
Берлиний цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан "хуурамч карт, терминалуудыг хамарсан нарийн зохион байгуулалттай ийм ажиллагаа өмнө манай улсын түүхэнд гарч байгаагүй" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр хэрэглэгчдийн мэдээллийг алдсан гэдгийг няцаасан гэнэ. "OLB" банк одоогийн байдлаар ямар нэгэн нэмэлт тайлбар өгөөгүй л байна.