Малайзын ард түмэнд зориулагдсан хэдэн тэрбум ам.доллар тус улсын 1 MDB төрийн сангаас дэлхийн санхүүгийн сүлжээ дунд ор сураггүй алга болж байсан юм. АНУ-ын Хууль зүйн яам болон Малайзын мөрдөн шалгах байгууллагуудын үзэж буйгаар энэ их мөнгө нэр нөлөө бүхий хэдхэн хүний халаасанд орж тансаг үл хөдлөх хөрөнгө, Ван Гог болон Монегийн бүтээлүүд, хувийн онгоц, Холливудын киноны зураг авалтад зарцуулагдан үрэгджээ.
Тэгвэл энэхүү сангаас алдагдсан мөнгөний нэг хэсэг болсон нэг тэрбум гаруй ам.долларыг хадгалж буй Швейцарын "BSI" банкыг шүүхэд өгөөд байгаа гэж тус улсын сангийн яамны сайд Лим Гуан мэдэгджээ.
"Одоогийн байдлаар Швейцарын банкууд, оффшор бүсүүд, Зүүн өмнөд Азийн зарим орнуудын орооцолдон сүлжилдсэн эл санхүүгийн луйврын хэргийг тайлах гэж дэлхийн зургаан орны эрх баригчид оролдож байгаа. Тэрбээр "Уг дуулиант хэрэг Малайз улсын тусгаар тогтнолоо олсон цагаас эхлэн тогтвортой байсан улс төрийн тайван байдлыг үгүй хийхэд хүргэлээ." гэж мэдэгджээ. Тэр битгий хэл Уолл-стритийн хамгийн нөлөө бүхий "Goldman Sachs" банк хүртэл эрүүгийн хариуцлагад татагдаад байгаа аж.