"Samsung" компани нугалдаг "Galaxy Fold" утсаа 9-р сард худалдаанд гаргахаар болжээ
"Samsung Electronics Co Ltd"-ийн анхны эвхэгддэг ухаалаг гар утас болох "Galaxy Fold" 9-р сарын 6-ны баасан гарагт Өмнөд Солонгост худалдаанд гарна гэж тус компанийн төлөөлөгч мэдээллээ.
Дэлхийн хамгийн том гар утасны үйлдвэрлэгчээс ихээхэн хүлээгдэж буй энэхүү төхөөрөмж нь АНУ-ын зах зээлд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарах гэж байсан ч дэлгэцийн согогтой холбоотойгоор нээлтийг хойшлуулсан юм.
Энэ утас нь Өмнөд Солонгосын худалдан авагчдын гар дээр 2.4 сая вон буюу 1980 ам.долларын үнэтэй байх болно гэж тус компанийн төлөөлөгч мэдээлжээ.
Тус компани нь өнгөрөгч долдугаар сард "Galaxy Fold"-ыг есдүгээр сард борлуулж эхлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдэж байсан бөгөөд эвхэгддэг дэлгэцэд учраад байсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан гэнэ.
Өнгөрсөн сард Хятадын гар утас үйлдвэрлэгч "Huawei Technologies Co" компани нь өөрсдийн гэсэн эвхэгддэг утсаа худалдаанд гаргахаар төлөвлөж байсан ч АНУ-ын худалдааны хар жагсаалтад орж "Google"-ийн "Android" үйлдлийн системийг ашиглах боломжгүй болсон учраас уг бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.