Их Британийн засгийн газар иргэдээ "Брексит"-т бэлэн байхыг уриалж байна
Их Британийн Засгийн газраас олон нийтэд "Брексит"-т бэлэн байгаарай" гэж уриалсан мэдээллийн компанит ажлыг өрнүүлж байна. Тус аян нь Ням гарагт "gov.uk/brexit" вебсайтыг ажиллагаанд оруулснаар эхэлжээ.
Арван хоёрдугаар сарын 31-нд Европын холбоог орхиход бэлтгэсэн энэхүү зар сурталчилгаа нь Засгийн газар болоод ард иргэдийн "хамтын хариуцлагыг" дэмжих зорилготой гэнэ.
Засгийн газрын төлөөлөгчид иргэдэд Брексит болохоос өмнө юу хийх хэрэгтэй байгаа талаар мэдээлэхийн тулд эхлүүлсэн уг компанит ажилд 100 сая фунт стерлинг зарцуулж болзошгүй гэж мэдэгджээ.
"Аdvertising" блогийн үүсгэн байгуулагч Бенедикт Прингл хэлэхдээ "Хэрэв үнэн бол 100 сая фунт стерлингийн төсөв нь "Үндэсний Лоттерей"-н зар сурталчилгаанд зарцуулдаг хэмжээнээс бараг хоёр дахин их байна" гэжээ. Мөн "Хэрвээ таны төсөөлөлд энэ буухгүй байгаа бол та Үндэсний Лоттерэйн сурталчилгаатай өдөрт хэдэн удаа дайралддагаа бодоод үз. Түүнээс 2 дахин их Брекситийн сурталчилгааг та харах болно" гэж тэрбээр ВВС-д ярьсан байна.
Европ руу аялах хүсэлтэй Их Британийн иргэд болон Европын Холбоо руу экспортын бараа гаргадаг бизнес эрхлэгчид энэхүү компанит ажлын гол бай болж байгаа аж. Түүнчлэн тус сурталчилгааны самбаруудын хамгийн эхний зургийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цахим ертөнцөд байршуулсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Үүнээс гадна тэд ухуулах хуудас, цахим семинар, арга хэмжээний мэдээллийн самбар зэргийг ашиглахаар төлөвлөгдсөн байгаа гэнэ.