Польшийн Велюнь хотноо Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрийг тохиолдуулсан дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд оролцсон Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Дэлхийн хоёрдугаар дайны үеэр үйлдсэн гэмт хэргийн төлөөх хариуцлагаа Герман улс мартахгүй хэмээн хэлжээ.
Тэрбээр Герман ба Польш хэлээр "Би Велюнь хот руу дайрахад амиа алдсан бүх хүмүүст мэхийн ёсолж байна. Би Германы дарангуйллын золиос болсон Польш хүмүүсийн өмнө өвдөг сөхрөн ёсолж байна. Би мөн уучлалт гуйж байна. Энэ бол үзэн ядалт ба сүйрлийн давлагаа байсан. Тус давлагаа нь энэ тивийг бүхэлд нь эзэрхэх хүсэлтэй хүний солиотой мөрөөдлийн нэг хэсэг байсан бөгөөд тэрбээр үүнийгээ биелүүлэхийн тулд Польш улсыг, Европын соёлыг устгахыг санаархаж байсан юм" гэж хэлжээ.
Польшийг эзлэн түрэмгийлсэн нь Германы блицкриг буюу цахилгаан дайны стратегийн амжилттай эхлэлийг тавьсан гэж үздэг байна. Тэнгисээс довтлохтой зэрэгцэн Польшийн хилээр хуурай замын моторчилсон ба танкийн анги нэгтгэлүүд нэвтэрч, хот, нисэх буудал, төмөр зам, гүүр, аж үйлдвэрийн объектуудыг нэгэн зэрэг агаараас бөмбөгдөж эхэлжээ.
Польшийн дайчид эх орноо хамгаалан эрэлхэгээр тулалдсан ч нацист Германы түрэмгийлэгчид тус улсын армийг таван долоо хоногийн дотор бут ниргэсэн юм. Польшийн Засгийн газар дайн эхэлснээс зургаан хоногийн дараа Варшавыг орхиж, дараа нь бүр эх орноосоо дүрвэхэд хүрчээ.
Тэрхүү таван долоо хоногийн тулалдааны явцад Польшийн 70 мянган цэрэг, офицер амь үрэгдэж, 138 мянга нь шархдаж, 420 мянган цэргийн албан хаагч олзлогджээ. Харин Германы зэвсэгт хүчин хавьгүй бага хохирол амсаж, 16 мянган цэрэг офицер амь насаа алдан 27 мянга нь шархадсан байна.
Польшийг эзлэн түрэмгийлээд нацистууд тус улсын хүн амыг устгах харгис хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ. Дайны жилүүдэд Польшийн зургаан сая иргэн амь үрэгдсэн юм.