Энэтхэгийн төр Швейцарын банканд данстай иргэдээ бүртгэж эхэлнэ
Энэтхэг улс 9-р сараас эхлэн Швейцарын банканд данстай иргэдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг авч эхлэхээр болжээ. Ингэснээр тус банкны үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг чанд нууцалдаг байсан үе дуусаж байна.
Энэхүү үйл явдал нь Энэтхэгийн Ерөнхий сайд Моди 2014 онд засгийн эрхэнд гарснаас хойш авилгын эсрэг хийж буй тэмцлийн томоохон амжилт юм.
"Энэтхэг улс Швейцарын банканд данстай Энэтхэг иргэдийн дансны 2018 оны мэдээллийг хүлээн авахаар боллоо. Швейцарын банкны нууцлалын эрин дууссанаар манай засгийн газрын авилгын эсрэг хийж буй тэмцэлд томоохон алхам болж байна." гэж Энэтхэгийн татварын алба твиттер хуудсаараа мэдэгджээ.
Тус мэдэгдлийг татварын хэлтсийн орлогч дарга, Олон улсын санхүү хариуцсан Швейцар улсын Сектт Николас Марио Лушер тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэгийн татварын албаны бичгийн дарга Ажай Бхушан Пандей болон Шууд татварын төв зөвлөлийн удирдах албан тушаалтнуудтай хийсэн уулзалтын дараа хийсэн юм.
Уг уулзалт нь 8-р сарын 29-30-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон бөгөөд 2 тал Энэтхэг улсаас гаргасан зарим тохиолдолд татварын мэдээлэл хуваалцах хүсэлтийн биелэлтийг хурдасгах талаар зөвшилцсөн байна.
Ерөнхий мэдээлэл түгээх стандартын дагуу санхүүгийн дансны анхны мэдээлэл солилцоо энэ сараас эхлэх аж. Мөн "Оффшор дансыг татварын хуульд хамруулах асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан" гэж Энэтхэгийн татварын алба мэдээлсэн билээ.