Ус ашиглах зөвшөөрөл аваагүй бол Хөвсгөл нуур орчимд бизнес эрхлэхийг хориглоно
Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байна.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.