Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Санхүүгийн зах зээл дэх иргэдийн оролцоо, итгэх итгэлийг судлагааг улсын хэмжээнд 2016 оны III улирлаас хийж эхэлсэн байна. Уг судалгаанд 1000 иргэн хамрагдсан бөгөөд иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан нь өмнөх улирлаас 5.7 пунктээр өссөн үзүүлэлт юм байна. Нийт иргэдийн 28.3 хувь нь арилжааны банк, 8.7 хувь нь банк бус санхүүгийн байгууллага, 8.7 хувь нь ломбард, 7 хувь нь хувь хүнээс зээл авчээ.
Түүнчлэн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой гэж иргэдийн 17.2 хувь нь хариулсан бол үнэт цаасны арилжаанд 5.7 хувь нь оролцдог. Үүний шалтгаан нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, 70 хувь нь мэдээлэл байхгүй, 12.2 хувь нь арилжаанд оролцох мөнгөгүй гэжээ.
2019 оны эхний хагас жилийн байдлаар даатгалын салбартай холбоотой 22 өргөдөл гомдол иржээ. Санхүүгийн зохицуулах хороо үүнийг хэлэлцээд 450 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзэн компаниудад шаардлага хүргүүлсэн ч 110 сая төгрөг нь олгогджээ. Үлдсэн гомдол нь шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа аж.
Даатгалын компаниудын нийт хураамжийн орлого өмнө оны хоёрдугаар улирлаас 23.7 хувь өсөж, 104 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд даатгалын компаниудын нөхөн төлбөрийн зардал 25.7 тэрбум төгрөг болж, нийт хураамжийн орлогын 24.8 хувийг эзэлсэн бол нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар буурчээ.