Б.Жаргалсайхан: Бусдаас авлига авсан МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргий анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг нь хөтөлбөргүй баримтаар нотлогдсон дээрх авлигчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, уг хэргийг хянаж буй прокурор эсэргүүцэл бичсэн гэдгийг Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ингэснээр МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүхээс дахин хэлэлцэх нь тодорхой боллоо.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга асан Т.Баярхүү “МХЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудын авлига авч буйг баримтжуулсан бичлэг 2017 онд хийгдсэн” хэмээн хэлсэн. Үүнээс үзвэл дээрх албан тушаалтнуудад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022-2023 онд дуусах ёстой байсан аж. Гэтэл хоёр жил хүрэхгүй хугацааны дараа уг хэргийг шүүх хэлэлцсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон нь алдаатай шийдвэр байсан хэмээн прокурор эсэргүүцэл бичсэн байна.