Хойд Солонгос дахин пуужин харважээ
Баасан гарагийн өглөө БНАСАУ-ын харвасан пуужингууд Японы усан нутаг дэвсгэрт хүрээгүй гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.
“Пуужингууд манай улсын усан нутаг дэвсгэрт эсвэл эдийн засгийн онцгой бүсэд хүрч чадаагүй бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд аюул учруулаагүй” гэж Японы сайд нарын танхимын төлөөлөгч мэдэгдсэнийг тус улсын олон нийтийн телевиз дамжуулсан байна.
БНАСАУ ойрын тусгалтай үл мэдэгдэх хоёр пуужин туршлаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо урьд нь мэдээлжээ. Мэдээллээс үзвэл, пуужингуудыг Умард Солонгосын зүүн эрэгт орших Хамгён-Намдо мужаас 02 цаг 59 минут болон 03 цаг 23 минутад Япон тэнгис рүү харвасан байна. Пёньян өмнө нь харвасан хоёр пуужинтай адил ангиллын ойрын тусгалтай баллистик пуужин туршсан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн үзэж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг