Х.Баттулга: Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль Конгрессоор батлагдвал малчдын орлого нэмэгдэнэ
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа.
Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн хүрээнд ярилцсан байна.
Мөн өчигдөр болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт Тэд Иохо итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хууль батлагдсанаар малчин иргэдэд орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг илүү олон Конгрессын гишүүдэд хэлж өгөхийг хүссэн юм. Мөн тус улсын хууль тогтоогчдыг урьж авчирбал Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болж, нягт хамтран ажиллах тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгч, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ.