БНАСАУ нутгийнхаа зүүн эргээс ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабаас /JCS/ мэдээлжээ.
JCS-ын мэдээлснээр, эхний пуужинг өглөөний 5:06-д, хоёр дахь пуужинг 5:27-д БНАСАУ-ын зүүн эргийн Вонсан боомтын зэргэлдээх Калма орчмоос харвасан байна.
Пуужингууд газрын гадаргаас ойролцоогоор 30 километрийн өндөрт хөөрч, 250 орчим километр зайд ниссэн гэж JCS-ын мэдээлэлд дурджээ. БНСУ, АНУ-ын цэргийнхэн энэхүү ажиллагааг нарийвчлан судалж байна.
Умард Солонгосын харвасан эдгээр пуужин урьд өмнөх загваруудаас өөр байсныг тогтоосон гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Кён Ду мэдэгдсэн боловч нарийн мэдээлэл өгөөгүй юм.