ОХУ-ын Сибирийн бүс нутагт, ялангуяа Красноярск, Эрхүү мужуудад гарсан ойн түймрийн хамарч буй талбайн хэмжээ 1.6 сая га-аас давжээ. 7-р сарын 31-ний байдлаар тус бүсийн 1.603 сая га талбайд нийт 232 түймрийн голомт гараад байгаа аж.
Гал ийнхүү газар авсан нь бүс нутгийн эрх баригчдын шийдвэртэй холбоотой. Учир нь гал түймэр гарсан газар нутгийн 90 хувь нь "аюулгүй бүс"-т хамаарагддаг аж. Ямар нэг байгалийн гамшиг тохиолдсон ч улсад хохирол учрахгүй бүс нутгийг "аюулгүй бүс" гэж нэрлэдэг бөгөөд нутгийн удирдлагууд ямар нэг зүйл тохиолдох үед тэрхүү газруудад ямар ч туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй байдаг юм.
"Түймэр гарч буй газруудад их хэмжээний ой мод байгаа учраас ямар нэг ховор төрлийн мод шатаагүй тохиолдолд улсын хөрөнгийг зарж галыг унтраахгүй. Байгалийн гал байгалиараа унтрах ёстой" гэж Красноярск мужийн захирагч мэдэгджээ.
Түймрийн голомтууд
Үүнээс болоод Эрхүү мужийн Кирчен дүүргийг эс тооцвол тус нутагт нүүрс төрөгчийн давхар ислийн хэмжээ зохих ёстой төвшнөөс хэд дахин илүү хэмжээд хүрээд байгаа гэнэ.
Түймрийн утаа нь нүүрс төрөгчийн давхар ислээс гадна нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар исэл, азотын исэл, бензол зэрэг олон төрлийн химийн хорт бодис агуулсан бөгөөд салхиар туугдан Төв Ази, Америк, Европын орнуудад хүрч эхлээд байгаа юм. Мөн Монгол улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт түймрийн утаа хүрээд байгаа аж.