Зарим хүмүүс Нийгмийн даатгалд төлж буй мөнгийг буруу ойлгодог юм байна. Үүнийг залруулъя!
1. Ажилтнаас төлж буй мөнгө, ажил олгогчоос төлж буй мөнгө хоёр бол тусдаа гэж ойлгох явдал байна.
Ажил олгогч буюу компаниас 10-13 хувь, ажилтнаас 10 хувь төлж буй энэ мөнгө бол эдийн засгийн ч тэр, нягтлан бодох бүртгэлийн ч тэр логикоороо таны өөрөөсөө төлж буй 20-23% юмаа.
Учир нь компаниуд ажилтныхаа нэрийн өмнөөс цалингийнх нь 10-13 хувийг нийгмийн даатгалд төлөхдөө энэ зардлаа ЦАЛИНГИЙН зардал гэж үздэг юм шүү дээ. Нягтлан бодох бүртгэлийн практик ийм л байна. Өөрөөр хэлбэл энэ бол ажилтан таны авах ёстой байсан цалин гэсэн үг. Эдийн засгийн логикоор нь авч үзэхэд ч ийм. Ажилтан та л цалингаасаа 20-23 хувиа төлөөд байна. Нэг нь компанийн нэр дээрээс, нөгөө нь таны нэрээр төлөгдөж байна. Хэн гүйлгээ хийж шилжүүлсэн нь хэнд ч падгүй. Хэрхэн нягтлан бодох бүртгэлд тусч байгаа нь л тухайн мөнгө яг хэний төлөөд байгаа мөнгө вэ гэдгийг харуулдаг. Монголын нийгмийн даатгалын систем ийм л бүрхэг, төөрөгдүүлсэн систем болоод байгаа юм.
2. Татвар, Даатгал, Сан гээд эдийн засгийн болоод санхүүгийн тэс өөр 3 ойлголт юм.
Эдгээр ойлголтууд бол зарчмын ялгаатай ойлголтууд. Зарчмын ялгаатай учраас эдийн засгийн үр дагавар нь тэс өөр өөр.
Гэтэл Монгол улсад НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН гээд хоёр даатгал, сан гэсэн тэс өөр юмыг нэрэн дээрээ хольсноо, яг эдийн засгийн агуулга нь ТАТВАР болчихсон ийм систем байх юм.
Хэрэв төлсөн хүн эргүүлээд шударгаар мөнгөө авч чадахгүй бол нэг мөсөн Орлогын албан татвар 10 хувь байгаа дээрээ нэмээд л 30-33 хувь болгочихооч дээ.
Аан хэрэв САН юм бол тэр санд төлөгдсөн бүх дүн, хүү-ашгийн хамтаар танд эргэж ирэх ёстой. Энийг нь би өмнө 1 сая төгрөгтэй хүнээр бодоод үзэхэд тэтгэвэрт гарахдаа дор хаяж 1.3 тэрбум төгрөгтэй гарч болж байсан.
Аан харин ДААТГАЛ юм бол хэрэв танд эрсдэл тохиолдсон бол тэр эрсдлийг бүрэн нөхөн төлж байх ёстой. Машины даатгалтай л адил шүү дээ. Хэрэв 1 сая төгрөгний цалинтай хүн сар бүр Эрүүл мэндийн даатгал төлсөн нь үнэн л юм бол хорт хавдар, хэцүү өвчин тусахад ТАС хийгээд л даатгал төлөх ёстой. Машинаа хэдхэн мянган төгрөгөөр даатгуулчихаад бүрэн сүйрэхэд нь хэдэн сая төгрөг аваад монголд болоод, даатгалын компаниуд ашигтай ажиллаад л байгаа биз дээ. Тэгвэл Эрүүл мэндийн даатгал яасан бэ?!!! Тооцоо хийж үзэхэд 1 сая төгрөгний цалинтай хүн багадаа 40 орчим сая төгрөгний эмчилгээ үйлчилгээ авах боломжтой байгаа, өвдсөн бол хэдэн жил авч болно гэсэн үг. Гэтэл одоо бол тэгээд л 1-2 сая төгрөг авах юм уу, яг яах нь ойлгомжгүй.
Тэтгэвэрийн сан , Эрүүл мэндийн даатгал, Орлогын татвар гээд хаа хамаагүй 3 системийг 90-ээд онд аваачиж хольж хутгаад, хулхиний систем хийгээд тэрийгээ бас болоогүй "Эв хамтын систем" гэж лоозогноод "Нийгмийн даатгал сан" гэж дэлхийд байхгүй эрлийз гэхдээ яг угтаа бол татварын систем хийчихээд яваад байна шүү дээ...
Ө.Ганзориг