Өмнөд Солонгосын Кванжу хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээнд, Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож хурд хүчээ сорьж байна.
Тамирчдаас спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа хоёрдугаар байрт орж, 54.43 гэсэн амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчиллээ.
Тэрбээр энэ сарын 26-нд буюу баасан гарагт 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдах юм. Усан спортын дэлхийн аваргад оролцож буй манай тамирчдын хувьд олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн өнөөдөр 100 метрийн өврөөр даллах, энэ сарын 27-нд 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдах аж. Х.Энхзулын хувьд энэ сарын 26-нд 50 метрийн зайд далайн гахай сэлэлтээр уралдана. Харин олон улсын хэмжээний мастер Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтэд хурд хүчээ сорьж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн бол өнгөрсөн мягмар гарагт 50 метрийн мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүлснээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин