АНУ-ын Засгийн газар цагаачдыг хөөн гаргах шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо танилцуулсныг ВВС уламжлав. Энэ шинэ хөтөлбөр нь цагаачдын шүүхээр дамжилгүй тухайн иргэдийг газар нутгаасаа албадан гаргах түргэвчилсэн үйл ажиллагаа байх аж.
Шинэ журмаар бичиг баримтын бүртгэлгүй цагаач иргэд нь АНУ-д хоёр жилээс дээш хугацаагаар амьдрах эрхээ аваагүй бол албадан хөөгдөх юм. Журмыг өчигдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд улс орон даяар хэрэгжих юм байна. Гэсэн хэдий ч Америкийн иргэний эрх чөлөөний холбооноос үүнийг шүүхийн бодлогын эсрэг сорилт болж байна хэмээжээ. Мексикийн хилийн ойролцоох нутаг дэвсгэрүүдэд үүсээд буй нөхцөл байдал нь цагаачдын энэхүү бодлогыг хэрэгжүүлэх шалтгаан болжээ.
АНУ-ын Эх газрын хамгаалалтын албаны Нарийн бичгийн дарга Кевин Макалийнэн “Энэхүү хөтөлбөрийн дүнд хил дээрх ачаалал болоод багтаамж ямар нэг хэмжээгээр хөнгөвчлөхөд нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна энэ нь цаашид гарах цагаачлалтай холбоотой хямралыг намжаах чухал алхам юм” гэжээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулахад нь чухал үүрэгтэй зүйл бол цагаачлалын асуудал бөгөөд үүнд тэрээр хатуу чиг шугам баримтлах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өмнө нь хилээс 160 км-ийн доторх зайд баривчлагдсан цагаач иргэд АНУ-д хоёр долоо хоногоос богино хугацаанд оршин суусан нь нотлогдвол яаралтай албадан хөөгддөг байжээ. Харин хоёр долоо хоногоос дээш хугацаанд эрх чөлөөний улсад оршин суусан нь батлагдсан тохиолдолд шүүхээр асуудлаа шийдүүлэх эрхтэй болдог байв. Гэвч шинэ журмаар тухайн хүн хаанаас баривчлагдсан болон ямар хугацаагаар АНУ-д оршин сууснаас үл хамаарахын дээр, хуулийн байгууллага, өмгөөлөгчтэй холбогдох эрхгүйгээр түргэвчилсэн байдлаар нутаг буцаагдах юм. Эх газрын хамгаалалтын албанаас өгч буй мэдээллээр энэ шинэ журам нь хууль бус цагаачдыг илрүүлж, нутагт нь буцаах үр дүнтэй арга байх бололтой.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин