Их Британийн эрх баригч Консерватив намыг даргаар Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон сонгогджээ. Ингэснээр тэрбээр Тереза Мэйн халааг авж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашихаар болж байна.
Консерватив намын 160 мянга гаруй гишүүний дунд явуулсан санал хураалтаар Б.Жонсон 92153 хүний санал авсан бол түүний өрсөлдөгч Жереми Хантын төлөө 46656 гишүүн саналаа өгчээ. "Өндөр итгэл хүлээлгэсэн намын гишүүддээ талархал илэрхийлье. Кампанит ажил дуусаж, ажил хэрэг эхэллээ" гэж Б.Жонсон хэлжээ.
Маргааш буюу лхагва гарагт Ерөнхий сайд Т.Мэй албан тушаалаасаа огцорно. Ерөнхий сайд хийгээд Консерватив намын даргаар Б.Жонсон сонгогдох магадлал өндөр байгаатай холбогдуулан даваа гарагт Гадаад хэргийн сайд Алан Дункан огцорч буйгаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ Б.Жонсоныг сонгогдсон тохиолдолд албан тушаалаасаа огцорно гэдгээ Сангийн сайд Филип Хаммонд, Хууль зүйн сайд Дэвид Гауке нар илэрхийлсэн билээ.