Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын шүүх хурал эхэллээ
С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Шүүх хуралдаан өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэллээ.
Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль буруу ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж.
Мөн гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцохоор ирсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтжээ.
Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,
133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.