МАХН болон УИХ-д суудалгүй намууд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж эхэлжээ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлэг өчигдөр /2019.07.22/ “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь” сэдвээр Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлэгт улс төрийн 23 намын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, Төрийн бус байгууллагын болоод иргэдийн төлөөлөл нийт 156 хүн оролцсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх танилцуулгын дараа асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Нэн ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяр болон УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэн идэвхтэй оролцсон төдийгүй УИХ-ын нэр бүхий 62 гишүүн болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулаад буй Монгол Улсын Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буй нь тодорхой болжээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр гэхэд л шинэ Үндсэн дээд хууль боловсруулах гэсэн зарчмын хатуу байр сууринаасаа ухарч, шинэчилсэн өөрчлөлт хийе, болохгүй бол өөрийн зөв гэж бодож буй саналуудаа нэмэрлэе гэсэн хэлбэрт шилжсэн байна.
Харин тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буй процедурт шүүмжлэлтэй хандаж: "УИХ-ын гишүүн, хэлэлцүүлгийг даргалагч С.Бямбацогт сая хэлэхдээ 35 хувийн өөрчлөлт байвал нэмэлт,өөрчлөлт болно гэлээ. Одоо 41 хувь болчихоод байгаа юм байна. Тэгвэл нэмэлт,өөрчлөлт хийх төслөө таслан зогсоож Ерөнхийлөгчийн болоод өөрсдийнхөө саналыг нэгтгэн шинэчилсэн найруулгын асуудлыг ярьж эхлэхгүй юм уу?
Намуудын саналыг яаж авах гэж байна вэ. Биднээр яриулаад авсан болох гээд байгаа юм уу.
Анх УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурсан хуулийн төсөл УИХ дээр яг тэр хэвээр хэлэлцэгдсэн үү, эсвэл цэг таслал өөрчлөгдсөн үү. Хэрэв өөрчлөгдсөн бол энэ нь өргөн баригдаагүй асуудлыг хэлэлцэж байгаа болж хувирах уу.
Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг өргөн барихдаа нэгдүгээр хэлэлцүүлгийн үед яагаад өргөн барьж болоогүй юм бэ. Яагаад гэвэл Журмын тухай хуульд нэгдүгээр хэлэлцүүлэгт төслийг авч хэлэлцэнэ гэсэн байна. Тэгэхээр одоо хоёр төсөлтэй болчихсон байна. Нэгэнт хоёр төсөл бий болсон, Журмын тухай хууль зөрчигдсөн учраас нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа асуудлаа таслан зогсоож, Ерөнхийлөгчийн санал дээр өөрсдийн саналыг нэгтгэн шинэчилсэн найруулгаар хэлэлцэх ажлыг хийж болохгүй юм уу?" гэсэн юм.
УИХ-д суудалгүй намууд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, ингэхдээ УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг ихэд шохоорхон, найдвар тавьж буй бололтой.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн: " Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын 5 хувь буюу 100 мянга хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ тавин мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгуулга бүртгэхээр зааж өглөө." гэсэн санал дэмжигдвэл МАН, АН, МАХН-аас бусад намууд үндсэндээ устана гэж хэлэхэд болох юм.
Э.Мягмар