Ц.Түвшинжаргал: Зурахгүй л бол тал биегүй юм шиг дутууддаг
“Дорнын зүүд” хэмээх дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ гаргасан уран бүтээлч Ц.Түвшинжаргалыг энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор урилаа. Тэрээр Монголын урчуудын эвлэлээс зохиодог үзэсгэлэн болон гадаад, дотоодын 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан юм. Түүний бүтээлүүд БНСУ, АНУ, Франц, ОХУ-ын урлаг цуглуулагч, сонирхогчдын сан хөмрөгт хадгалагдаж байна.
-Дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосонд баяр хүргэе. Үзэсгэлэнгээ яагаад “Дорнын зүүд” гэж нэрлэсэн юм бэ?
-Баярлалаа. Анх сайн анзаарч хараагүй байж байгаад харсан чинь ихэвчлэн байгалийн араншинг сонсож санаагаа гаргасан уран бүтээлүүд болсон байсан. Монголчууд маань дорнын соёлтой, байгальтай илүү ойр байдаг хүмүүс шүү дээ. Тиймдээ ч үүнийг билэгшээгээд “Дорнын зүүд” гэж нэрлэсэн.
-Таны уран бүтээлүүдийг анзаарч харахад ихэвчлэн эмэгтэй хүнийг дүрсэлсэн байсан. Яагаад эмэгтэй хүнийг зурах болов?
-Зураач хүмүүс яг энэ зүйлийг зуръя гээд шууд хүчилж зурдаггүй. Онгод гэж байдаг шиг цаанаас төрсөн мэдрэмж, хүсэл сонирхлоороо зурдаг. Магадгүй би өөрөө эмэгтэй хүн учраас илүү ойлгож мэдэрч зурдаг байх. Эмэгтэй хүн өөрөө байгаль эхтэй холбоотой байдаг учраас байгалийн тухай ч юм уу өөр олон зүйлийг илэрхийлж гаргахад хялбар байдаг.
-Таны зурагнууд ихэвчлэн тод өнгөтэй байсан. Ялангуяа, улаан өнгө илүү давамгайлжээ. Энэ юуг илэрхийлж байна вэ?
-Энэ миний амьдралд тохиолдсон олон зүйлээс шалтгаалдаг байх. Энэ нь үе шаттай өөрчлөгддөг юм уу даа. Сүүлийн үед зурсан миний зурагнууд улаан өнгө их орсон бол өмнөх үеийн зурагнууд хөх, цэнхэр өнгө давамгайлсан шинжтэй харагддаг. Амьдралд гарсан өөрчлөлт, хэв маягаас шалтгаалаад цаанаасаа өөрөө сонгоод зурчихдаг. Улаан өнгө өөрөө эрч хүчтэй. Тиймээс би одоо эрч хүчтэй ид хийж бүтээх насан дээрээ явж байгаа болохоор түүнийгээ илэрхийлсэн болов уу.
-Хэзээнээс авьяасаа нээн зурж эхэлсэн бэ?
-Бүх хүн хүүхэд байхдаа зураг зурах дуртай байдаг. Би багадаа бусдын л адил зурдаг хүүхэд байсан. Дунд ангид ороод илүү их сонирхож эхэлсэн. Ээж маань урлагт дуртай болохоор намайг их дэмждэг байсан. Манай гэр бүлд зурдаг хүн огт байгаагүй. Анхны бүтээл гэж нэрлэж болохуйц бүтээлээ би Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөхдөө диплом хамгаалалт дээрээ бүтээж байсан “Зөөлөн гуниг” нэртэй бүтээл бий.
-Тодорхой нэгэн урсгал, чиглэл дагнадаг уу?
-Би уран зураг, холимог техник, орчин үеийн урлагийн нэг төрөл болох өрөг урлагийн чиглэлээр бүтээлүүдээ хийдэг. Яг урсгал, чиглэл тодорхойлоход хэцүү л дээ. Ерөнхийдөө бодит зураг бол биш хийсвэр ч биш зүйлийг тусгадаг орчин үеийн хэв маягаар л зурдаг.
-Хамгийн анхны үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байсан бэ?
-Анхны үзэсгэлэнгээ 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөнийхөө дараа “Амтагдах улаанаас гарсан би” гэсэн нэртэйгээр гаргаж байсан. Одоо эргээд бодоход дөнгөж сургуулиа төгсөөд их эрч хүчтэй байсан цаг үе минь юм. Хоёр, гурав дахь үзэсгэлэнгээ “Хүчилтөрөгч”, “Ангарагаас ирсэн зурвас” нэртэй гаргаж байсан.
-Зургийнхаа сэдэв, санааг хэрхэн олдог вэ?
-Би хөдөө төрж өссөн. Уран бүтээлч хүний хувьд хаана төрж өссөн нь их чухал нөлөө үзүүлдэг гэж боддог. Тиймдээ ч хөдөө тал нутаг, монгол ахуйгаа санагалзан түүнээсээ санаа авж зурдаг. Зураг зурахаас гадна орчин үеийн урлагаар бүтээл хийдэг. Энэ нь дан ганц зураг биш өөр хүний тархийг илүү ажиллуулсан бүтээлч сэтгэлгээ шаарддаг уран бүтээлүүд хийдэг гэсэн үг. Хүлээн авагчдад цочрол өгсөн, сонирхлыг нь татсан тийм зүйл хийдэг. Тэр бүтээлийг хийхэд хүүхэд насны монгол ахуй, амьдрал чухал нөлөө үзүүлдэг.
-Уран бүтээлч хүн гэхээр заавал зураг зурах ёстой юу. Зурагнаас өөр зүйлд өөрийгөө сорьж үзэв үү?
-2006-2008 онд “Тэ Арт” студи, “Үхэж үл болно Чингис хаан” кино, “Өүлэн эх” дуурийн туслах зураачаар ажилласан. Кино болон дуурьт туслах зураачаар ажилласан нь миний ганцаараа уран бүтээл хийхээс өөр байлаа. Учир нь бүх хүн нийлж хамтарсан уран бүтээл хийдэг. Дан ганц зураач сайн ажиллаад, найруулагч муу байвал төгс бүтээл гарахгүй. 2010 оноос өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвиж байна. Одоогоор Монголын урчуудын эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа.
-Хүмүүс таны бүтээлүүдээс юуг илүү их ойлгоосой гэж бодож бүтээлээ туурвидаг вэ?
-Ерөнхийдөө билэгдлийн шинж чанартай буюу сайн сайхан зүйлсийг зурдаг. Тухайлбал, энэ хүн миний зургийг хараад сайн сайхан зүйлс, сэтгэлийн таашаал мэдрээсэй гэж хүсэж зурдаг. Зарим хүн миний дүрслэлийг ойлгохгүй тохиолдол гарвал тайлбарлаж өгдөг.
-Гадаад улс орнуудад үзэсгэлэн гаргаж байсан гэсэн шүү дээ. Ямар ямар улсад гаргаж байв?
-Энэ жилийн хувьд саяхан Чех улсад зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнд оролцоод ирсэн. Мөн Америкийн Вашингтон Диси-д байрлах Дэлхийн банкны төв байранд болсон үзэсгэлэнд бүтээлүүд маань тавигдсан. Харин аравдугаар сард Унгарын нэг хөтөлбөрт шинэ бүтээлүүдээрээ оролцоно. Өмнө нь Бээжин болон Италийн Милан хотын үзэсгэлэнд оролцож байсан.
-Цаашид үзэсгэлэнгээ гаргахаар зорьж байгаа улс бий юу?
-Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас аль ч оронд байсан хамаагүй гэж боддог. Үзэсгэлэн гаргах нь дуучид, жүжигчид тайлан тоглолт, киногоо гаргаж байгаатай адилхан. Тэдний л ижил зарчмаар ажиллаж байгаа болохоор хийсэн бүтээсэн зүйлээ тайлагнана гэдэг нь хамгийн чухал.
-Танд шүүмжлэл хэр их ирдэг вэ. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмж ирдэг. Тэр болгон нь урагш тэмүүлэх хүч болдог. Заримдаа шүүмжлэлийн хатуу үг сонсоод гутрах, сэтгэлээр унах тохиолдол гардаг. Эхлээд сонсоод гутарна, дараа нь бодож тунгаана. Би юун дээр алдав гэж сүүлд нь дүгнэлт хийгээд алдаан дээрээсээ суралцдаг. Зөв шүүмж хүнд хэрэгтэй.
-Стрессдэж бухимдах үе гардаг байх. Энэ үед яаж тайвширдаг вэ?
-Бүтээлээ хийхгүй бол бухимдалтай нэг л зүйл дутуу санагдаад эхэлдэг. Юмаа хийж байхад хүн саад болох үед стресстдэг. Зураг зурах нь өөрөө бясалгал болж хүнийг тайвшруулдаг. Ихэвчлэн юунаас болж бухимдсанаа олж мэдээд тайвширчихдаг.
-Гэр бүлийнхэн нь хэр дэмжиж, тусалдаг юм бол?
-Сайн дэмждэг шүү. Хүүхэд байхад ээж маань дэмждэг байсны хүчинд өдий зэрэгт хүрсэн. Нөхөр маань бас уран бүтээлч хүн учраас дэмждэг. Заримдаа хамт юмаа хийдэг. Эмэгтэй хүн ар гэртээ ямар их зүйлийг хийдэг билээ хааяа хэсэг хугацаанд завсарлана, энэ үед дэмжлэг их хэрэгтэй болдог.
-Зураач мэргэжлийн онцлог давуу тал болон мэргэжилдээ хэрхэн үнэнч байх талаар энэ мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна?
-Би төгсөөд өөр ажил хийж үзсэн л дээ. Надад дарамттай, хийж байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авахгүй хэцүү санагдсан. Миний биеийн тал байхгүй байгаа ч юм шиг. Гэтэл би бүтээлээ хийгээд суухаар аз жаргалтай болдог нь миний мэргэжлийн онцлог. Би өөрийгөө бүтээлээрээ дамжуулж илэрхийлж чаддаг. Зураач ч гэлтгүй уран бүтээлч болохоор шийдээд суралцаж буй залууст хандахад оюуны хүнд хөдөлмөр, цаг хугацаа их шаардагдана. Мэдээж шууд л Жоконда шиг агуу бүтээл хийж чадахгүй шүү дээ. Түүнийг хийхийн тулд уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Үүний үр дүнд нь сайн уран бүтээлч болж чадна.
Ө.Түмэндарь
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин