Ж.Байден Барак Обамагийн бодлогыг үргэлжлүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрийн төлөвлөгөөгөө өнгөрсөн даваа гаригт танилцуулсан билээ. Хөтөлбөрийн нийт төсөв 750 тэрбум ам.доллар байх бөгөөд эрүүл мэндийн цогц системийн шинэчлэл болно хэмээн амалж байгаа юм.
Тэгвэл Цагаан ордон дахь Байдены өрсөлдөгч, сенатор Берни Сандерс хувиараа даатгуулах явдлыг багасган, нэг удаагийн төлөлтийн системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм. Энэ нь ерөнхийлөгч асан Барак Обамагийн санаачлан гарын үсгээ зурсан Эрүүл мэндийн хуультай зөрчилдөж байгаа аж.
“Эрүүл мэндийн халамжийн бодлого бүгдэд хүртээмжтэй байх ёстой гэж би ойлгож байгаа. Гэвч зарим хүн Б.Обамагийн санаачилсан энэ хөтөлбөрийг хөрснөөс арчих бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь тодорхой харагдаж байна. Миний хувьд ингэж ажиллахгүй” гэж найман жилийн хугацаанд Б.Обамагийн дэд ерөнхийлөгчөөр ажилласан Ж.Байден хэлснийг CNN уламжлав. Харин Сандерсийн үзэж буйгаар америкчууд эрүүл мэндийн үйлчилгээг хүртэхдээ нэг удаагийн төлөлт бүхий Засгийн газраас авч хэрэгжүүлэх системийг нэвтрүүлснээр хувиараа даатгуулагчдын өндөр тоон үзүүлэлтийг багасгах аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн үйлчилгээ нь Засгийн газрын даатгалын төлөвлөгөөний зарчмаар явах ёстой гэж тэр харж байна.
Тэгвэл Цагаан ордноос төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигч дөрвөн сенатор болох Нью-Йоркийн Кирстен Гиллибрэнд, Нью-Жерсигийн Кори Бүүкер, Калифорнийн Камала Харрис, Массачусетсийн Элизабет Уоррен Ардчилсан намын гол үзэл баримтлал болсон амлалтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэмшигч Д.Трампыг сорихоор болж байна. Б.Обамагийн эрүүл мэндийн хөтөлбөр нь олон жилийн хугацаанд Бүгд найрамдахчууд болон Д.Трампын дэмжигчдийн зүгээс цуцлахыг удаа дараа оролдож байсан үйл ажиллагаа юм. Учир нь Ардчилсан намын хамгийн чухал амлалтын нэг нь энэ хөтөлбөр байжээ.
Ж.Байдены эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөгөө нь 750 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд хэрэгжих юм. Мөн энэ амлалтад баячуудад өндөр дүнтэй татвар ногдуулж, эрүүл мэндийн даатгалын шийдвэрийг хүмүүс өөрсдөө гаргах боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хувиараа даатгуулах эсэх нь тухайн хүний сонголт байх юм. Өмнө нь сенатор байсан нэгэн хүн CNN-д өгсөн ярилцлагадаа “Ардчилсан нам эрүүл мэндийн үйлчилгээг бүх хүнд хүргэнэ гэж байгаа нь маш хэцүү амлалт. Үүнийг Конгрессоор батлуулж, дараа нь хэрэгжүүлнэ гэдэг бэрх байх болно” гэжээ.
Сандерс өнгөрсөн хугацаанд Б.Обамагийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хүчтэй эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм. “Бүх хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг би эсэргүүцээгүй. Эцэст нь хүмүүсийнхээ талд зогсох уу, даатгалын компаниудын талд үлдэх үү гэдэг асуулттай л хоцорно. Харин би аль талд нь үлдэхээ мэднэ” гэж тэр хэлжээ. АНУ-ын сенатор Майкл Беннет болон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бусад гишүүн ч Эрүүл мэндийн үйлчилгээг бүгдэд хүртээх амлалтыг дахин бодож үзэх ёстой гэж харж байгаа юм.
Ж.Байден өөрийн эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөгөөгөө Д.Трампын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй татварын ногдуулалтаас бүрдүүлэх бодолтой байгаа талаар Ж.Байдены кампанийн албаны хүн сэтгүүлчдэд мэдээлжээ. Одоогоор татварын хамгийн өндөр хувь хэмжээ 37 хувьтай байгаа бөгөөд шинэ зохицуулалтаар баячуудад ногдуулах татварыг 39.6 хувьд хүргэх гэж байна.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин