Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 168 азарга мордсоноос Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ.
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга хурдлав. Харин айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.
Ноднин Үндэсний их баяр наадмаар, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга аман хүзүүдэж байв.
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг