Йорданы Хашимитын Хаант Улсад “PlayerUnknown's Battlegrounds” /PUBG/ тоглоомыг өнгөрсөн бямба гарагаас хоригложээ. Йорданы иргэдэд “сөрөг нөлөө” үзүүлж буйтай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.
Дэлхий нийтийн таашаалыг хүртсэн “The Hunger Games” цуврал ном болон киноны үйл явдалтай төстэй, бусад өрсөлдөгчдөө хөнөөх зорилготой “PUBG” тоглоом сүүлийн үед дэлхийн хамгийн алдартай гар утасны тоглоомуудын нэг болжээ.
Йорданы Харилцаа холбооны зохицуулах газрын мэдээлснээр, “PUBG” тоглоом хэрэглэгчдэд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа тул уг тоглоомыг албан ёсоор хориглоход хүрсэн аж. Ийм шийдвэрийг өмнө нь Ирак, Балба болон Энэтхэгийн Гужарат муж, Индонезын Ачех мужид гаргасан байна.
“PUBG” хүчирхийллийг өөгшүүлж, залуучуудын дунд бие биеэ дээрэлхэх явдал нэмэгдэхэд нөлөөлж магадгүй гэж Йорданы сэтгэл судлаачид үзэж байгаа ажээ. Урьд нь “PUBG”-ийг тоглохгүй байхыг Йорданы ажилтнуудад анхааруулж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ