Шинэ нисэх буудлын "НУЛИМС"
Өнөөдөр 10 жил гацаж, 6-н Ерөнхий сайдын нүүр үзсэн Шинэ нисэх буудал болон анхны хурдны зам ашиглалтад орж байна.
Яагаад ингэж удав? Юу боловоо?
Япончуудтай барьж босгохоор тохирсон өдрөөс эхлэн манай сайн эрчүүд хүлж баглан дараад хэвтчихсэн хэрэг.
Шатахууныг нь би шахна, хоолыг тэр авна, Дюти фрийг нь Дулмаа хариуц, дүүплийн өсгийг нь би хадъя, шахуурга хоолойг нь тэдний компани, шалны алчуурыг нь тэр гишүүн гэсээр манаргаж өгсөн байгаа юм. Япон нөхөд бүр гайхаж тасраад ойлгох ухаанаа олохгүй гацчихсан хэрэг.
Сонирхолтой нь Засгийн газар солигдох бүрд өөр нэг гонжоом, өөр нэг царай, өөр өөр ашиг сонирхол. Манайхан жил ирэх тусам анх барихаар тохирсон өртгийг нь нэмүүлж энд ч тийм юм байх ёстой, тэнд ч ийм юм нэммээр байна гэсээр олон жил явжээ. Тэд үүнийг гарамгай хийдэг чөтгөрийн тойрогтой.
1. Барилга хөгжлийн төв
2. Аудит
3. Магадлангийн компани
4. Шүүх. Энэ дөрөвийн нийлсэн хонгилоор Япончуудыг чирч өөрсдийн талд асуудлыг шийдүүлсээр байжээ.
Бас дээрээс нь 50 ширхэг даргын суудал дээрх зодоон. Тэрний хүн, миний эгч, гишүүний хүүхэд гэх мэт. Аргаа бараад гадны нөхөд маань болих дээрээ тулж байсныг мэдэх бизээ. Гэхдээ өнөөдөр энэ бүхнийг тас цохиж чадсаны хүчинд албан ёсоор ашиглалтад орж чадлаа. У.Хүрэлсүх Шинзо-Абэтэй уулзаад "Хоёулаа онгоцны буудлаа дуусгачихъя" гэж гар барин хэлсэн амандаа хүрч, манай талын гавлууд дээр галын хайч буулгав.
Мөн цүнхээ бариад жагсчихсан 50 ширхэг "шахаа" хочит дарга нарыг зад амбаардаад ажилчдыг нь Монгол харин дарга нарыг нь Япон мэргэжилтнүүд байлгахаар тохиров. Ийнхүү анх удаа дэлхийн жишгийн туршлагыг дэргэдээс нь манайхан хамт ажиллан суралцахаар болж байна. Анхны хурдны зам ч дуусчихлаа. Хий хоосон магтах гэсэнгүй ээ. Болсон үнэнийг л бичлээ.
Г.Уран