Ахмад үе дайчин уламжлал…
Монгол улсын цэргийн жанжин, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч Манлайбаатар Дамдинсүрэн гамингийн шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд зуу гаруй хоног хоригдон босоогоороо амьсгал хураахдаа Төр улсын ажлыг амьд хүмүүс хөтлөн явуулдаг ч суурь нь төр улсын төлөө амь насаа өргөсөн хүмүүсийн яс чөмгөн дээр тогтдог юм хэмээн гэрээслэн үлдээсэн лугаа Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв хэмээн Маршал Чойбалсангийн захиж хэлснээр та бидний ахмад үе аав ээж эмээ өвөө амь биеэ хайрлалгүй тэмцэж хөдөлмөрлөж хичээн зүтгэж бидэнд эх орон тусгаар тогтнол шударга ёсыг өвлүүлөн үлдээснийг өнөөдөр талаар нэг тавиад туучмааргүй болохоор жараад онд төрж өссөн одоо жар шүргэж байгаа бидний дунд үеийнхэн нүдээр харж чихээр сонсож биеэрээ дуурайсан ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэн эх оронч үзлээр тэднийгээ хүмүүжүүлэх нь бидний ариун үүрэг хэмээн ухамсарлаж явдаг.
Эх орон тусгаар тогтнолынхаа төлөө цусаа урсгаж явсан жар гаруй Улсын баатараас гадна хөлс хөдөлмөрөөрөө алдаршсан дөрвөн зуугаад Хөдөлмөрийн баатар бий. Тухайлбал, 1920-иод онд Дамбийжаагийн зарц боол малчин нь болж зүдэрч явсан манай Завхан нутгийн тэмээчин эмэгтэй Тостын Бумбаа нь Дамбийжаагийн ид шидээр бус харин өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө 1960-аад онд Ардын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн Баатар болтлоо алдаршсан нь түүний нэгдлийн 42 ингэн тэмээг тавхан жилийн дотор 300 гаран болгон өсгөн бойжуулсан нөр их хөдөлмөртэй нь холбоотой.
Феодолын үед есөн настайгаасаа хятадын Даашинхүүгийн пүүсийн хонийг зун, намрын улиралд хариулж явсан манай нутгийн ядуу хүү Мижээхүүгийн Ганболд хожим нь социализмийн үед олон жил нэгдлийн улсын бэлтгэлд тушаах бог маллаж дунджаар эр шүдлэн хонийг 50 кг, эр шүдлэн ямааг 40 кг шахуу жинтэй улсад тушааж, нэгжээс 450 грамм ноолуур, 3.3 кг ноос авч байсан амжилтаараа 1963 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртэж байв.
Миний бие арав гаран жил алс газар албан томилолтоор ажиллахдаа аав ээж ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин чанарыг яс махандаа үргэлж шингээж амьдралд хэрэгжүүлэж явахад ч зарим гадаад нөхөд маань эзгүй ширэнгэ эл хуль тайгад ч эрх чөлөө ар гэрээ санан шаралхахдаа их идэж ууж элэг бөөрөө ачаалж илүү цагаар унтаж хайран цагаа барж шантарч байхад мохошгүй Чингэсийн монгол цэргийн үр сад бол үүрээр босож уулын шил ойн цоорхойгоор олз омог хайх талын хөх чоно мэт шогшиж үдийн наранд борц шиг борлож өдрийн ажлаа боол шиг зүтгэж хамгийн хүнд хэцүү томилолт ажлыг нугалдаг нь орчлон дэлхийг эзэгнэж явсан монгол ген дайчин уламжлалтай холбоотой.
Бидний өвөг дээдэс маань дэлхийг эзлэх гэж хоногт морин дээрээ хоёрзуун км давхилцаж хорин цаг цавчилдаж одоогийнхоор бол ойролцоогоор 5000 калори шатааж байсан удмын генетикийн мэдээллийн сан нь өнөөдөр ч тэр хэмжээний биеийн хөдөлмөрийг биднээс шаардаж байдгийг далаад оны манай Завхан Ургамал сум нэгдлийн гүзээтэй ганц дарга, гүзээгүй мянган малчны жишигээс харж болно. Ан гөрөө хийн булчин шөрмөс нь зангирсан байдаг америкийн уугуул индианууд өнөөдөр бэлэн виски засгийн тэтгэмжид даагдахаа больтлоо зузаарсан нь удмын сангаа умартаж устаж үгүй болохын цондон.
Франц Итали зэрэг барууны орнуудад эрт дээр үеэс ч, одоо ч гэсэн дарга цэрэг эр эмгүй жавхайсан байдаг нь хэдэн мянган жилээр суурин амьдарч бэлэн загасаа хурууны үзүүрээр далайгаас барьж идэн /ази номхон далайхан ч ялгаагүй/ наранд шарж дарсаа уун жаргаж цэнгэж хөдөлгөөнгүй шахуу байдаг удамшил хөдөлмөртэй нь холбоотой учир бид тэдэнтэй барьцаад байлгүй өдөрт 5000 биш юмаа гэхэд ядаж 500 калори шатааж байх нь зүйтэй.
Шинэ жил зул сар улаан өндөгний баяраар ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг огоорч нөхдийгөө амраан томилолтоор явах нь мэдлэг чадвар цалин зэрэг дэв нэмэгдэх юм үзэх нүд тайлах шилдэг тэргүүний ажилтны алдар хүндлэл хүртэхээс илүүтэйгээр бусдын хэрэгцээ хүсэл тэмүүлэлийг урьтал болгож бусдын төлөө зүтгэдэг монгол хүний яс чанартай холбоотой.
Монгол цэрэг монгол хүний яс чанар бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүй хойч үеээ бид босгож байх учиртай. Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, дайны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми дайны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно
Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Үхсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй дайсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/
Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.
Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө дайны хажуугаар дажин гэгчээр аян дайнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ. Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүх бий.
Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай супер монгол цэргийн дарга /зураг дээр/ тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт