Жижиглэн худалдаачид "Amazon", "Google"-ын эсрэг зарга үүсгэнэ
АНУ-ын Walmart тэргүүтэй жижиглэн худалдааны компаниуд Amazon, Google-ын мөрдөн байцаалтад туслахын тулд монополын эсрэг зарга үүсгэхээр төлөвлөжээ. Жижиглэнгийн салбарт тэргүүлэгчдийн холбоо хэмээх байгууллага Хууль зүйн яам болон Холбооны худалдааны комисст гомдол хүргүүлэхээр зэхэж байна. Холбооны инновац эрхэлсэн дэд ерөнхийлөгч Николас Ахренс “Холбооны худалдааны комисс болон бусад зохицуулагчид платформ дээр ажилладаг эдгээр компаниудыг маш нарийн шалгах ёстой. Бид үүнд туслах болно” гэв.
Холбооны гишүүн компаниуд дээр Oracle, Yelp, Tripadvisor, News Corp зэрэг компани нэмэгдэж, технологийн платформд суурилсан монополууд өрсөлдөөнд хохирол учруулж буй талаар санал бодлоо илэрхийлэв. Жижиглэн худалдаачид Конгрессын төлөөлөгчдийн танхимын монополын эсрэг дэд хороонд асуудлыг тавьж байгааг ноён Ахрен мэдээллээ. Тус бүлгээс худалдааны комисст ирүүлсэн захидалд технологийн платформууд мэдээллийн нарийн зурвас үүсгэж, зах зээлийг өөрт ашигтайгаар эргүүлэх замаар үнийн өрсөлдөөний хүчин зүйлийг тойрч байна хэмээн шүүмжилжээ.
Түүнчлэн технологийн компаниуд жижиглэн худалдаачдыг хэрхэн зайлуулж, платформоороо дамжуулан өөрийн барааг хэрэглэгчдэд хүргэдэг, өрсөлдөгчдийнхөө мэдээллийг цуглуулдаг, хуурамч бараа худалдах боломж олгодог гомдол мэдүүлсэн байна. Комиссын сонсголд ирүүлсэн захидалдаа тус холбоо “Amazon, Google компани интернэтээр бараа хайлтын ихэнх хэсгийг хянаж байгаа нь сэтгэл түгшээх асуудал. Тэд барааны үнэ болон бусад мэдээлэл хэрэглэгчдэд хэрхэн хүрч байгаад хялбархан нөлөөлж чадна” хэмээн бичжээ.
Хууль зүйн яамны монополын эсрэг хэлтсийн дарга Макан Делрахим болон 40 ерөнхий шүүгч зөвхөн үнээр учирч буй хохирлыг хэмжиж болохгүй хэмээн үзэж байгааг жижиглэн худалдаачид дэмжив. Түүнчлэн Amazon АНУ-ын онлайн худалдааны 50 хувийг дангаар эзэмшиж байгааг шүүмжиллээ.
Европын холбоонд энэ асуудлаар мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Элизабет Уоррен онлайн худалдаачид болон технологийн платформыг салгахыг уриалсан байна. Жижиглэн худалдаачдын бүлэг “Бид өөр өрсөлдөөн хүсэж байна. Гэхдээ бүх өрсөлдөөн бүгдэд тэгш, шударга тоглоомын талбайд явагдах ёстой” гэжээ.
Эх сурвалж: ЗГМ сонин