Францын түүхэн дэх хамгийн халуун өдөр өнөөдөр болж магадгүй
Энэ долоо хоногт Европын орнуудад хэт халж байгаатай холбоотойгоор баасан гарагт Францад агаарын температур урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр хэмд хүрч магадгүй байна.
Францад 2003 онд агаарын температур Цельсийн 44.1 хэм хүрсний улмаас олон мянган хүн нас барж байжээ. Пүрэв гарагт Францын Үндэсний цаг уурын газар өмнөд нутгийн дөрвөн бүс нутагт түгшүүрийн улаан түвшин зарлажээ. Түүнчлэн тус улсын ихэнх нутгаар түгшүүрийн улбар шар түвшин /түгшүүрийн хоёрдугаар буюу улааны дараах түвшин/ зарлажээ.
Үүний зэрэгцээ Европын бусад орнуудад ч хэт халж байгаа бөгөөд Герман, Польш, Бүгд Найрамдах Чех Улсад урьд өмнө нь болж байгаагүй хамгийн халуун зургадугаар сар үргэлжилж байна. Мөн Испанийн гал сөнөөгчид Каталонд ойрын 20 жилийн хугацаанд дэгдээгүй гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Баасан гарагт Францын өмнөд нутгийн Гар, Воклюз, Эро, Буш-дю-Рон бүсэд агаарын температур 42-45 хэм хүрэх төлөвтэй байгаа бөгөөд олон зуун сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Хэт халууны улмаас түргэн тусламжид ирэх дуудлага нэмэгдсээр байгаад санаа зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд Агнес Бузин телевизэд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ. Мөн тэрбээр хүүхдүүдээ машинд үлдээх, өдрийн цагаар биеийн тамирын дасгал хийх зэрэг “эрсдэлтэй” үйлдэл хийхгүй байхыг олон нийтэд зөвлөсөн байна.