Хэдий их иднэ төдий чинээ өлсөнө
“The Washington Post” сонинд 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд хэвлэгдсэн дэлхийн сэтгүүл зүйн салбарын хамгийн том шагнал болох "Пулитцерийн шагнал"-ын" Тайлбар нийтлэлийн төрөл"-д нэгдүгээр байр эзэлсэн Сэтгүүлч Эли Саслоуын бүтээлийг хүргэж байна.
ЭМЧТЭЙ уулзахаар тохиролцсон цагаасаа хоцроод байсан ч Саласынхан гал тогоо руугаа яарч, засгаас олгодог өглөөний ундаа уусан болов. Дөрвөн настай хүүхэд нь бяслагтай чипс, овъёосны хатаамал шүүрч аваад ум хумгүй зугтсан бол есөн настай хүү нь чихэртэй будаа, шоколадтай сүү барин суулаа. Харин ээж Бланка нь хөргөгч онгойлгон чихрийн шижинтэй хүн хэрэглэдэг инсулин гаргаж тариуранд шахаад, хэвлий рүүгээ сурамгай гэгч нь хатгаж орхив. Тэгээд яарч сандран хүүхдүүдээ чирч гулдачсаар гадагш гарч, машин руугаа зүтгэхдээ “Замаараа дахиад жаахан юм олж иднэ ээ” гэж хэлж амжив аа.
Тэд ойролцоох сургуулийн эмчид үзүүлэхээр яваа нь энэ. Саласынхныг хоол тэжээлийн дутагдал, хэт таргалалт гэсэн хоорондоо авцалдаагүй мэт хоёр эмгэгээр өвчлөөд байгаа гэж эмч хэлжээ. Ийм гаж үзэгдэл сүүлийн үед АНУ-ын өнцөг булан бүрт, тэр дундаа Техасын өмнөд хэсэгт газар аваад байна.
Бланка Салас Засгийн газраас сар бүр олгодог 430 долларын хоолны тасалбараар таван хүүхдээ бараг арван жил тэжээжээ. Буурцаг өтгөрүүлэх гэж Бланкагийн худалдаж авдаг гахайн өөхөн тос, гэрийнх нь хаяанд шахам байдаг хүнсний мухлагт зардаг бэлэн гоймон л үүн дээр нэмэгдэнэ. Тэрбээр хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд чанараас илүү тоо, хэмжээг чухалчилдагаа, 100-гаас илүү доллараар хүнс цуглуулж үзээгүйгээ ярилаа. Гэхдээ түүний худалдаж авдаг хямдхан хоол хүнс, нэг удаад хооллоход ердөө 1.50 долларын үнэ хүрэх хөнгөн зуушнууд нь шим тэжээл, амин дэм гэх зүйлгүй атлаа өөх тос, давс, чихэр хамгийн их агуулдаг бүтээгдэхүүнүүд юм.
Бланкагийн 13 настай Кларриса охиных нь хүзүү чихрийн шижний анхны шинж тэмдэг болох хар бараан судалтай болжээ. Харин есөн настай хүү Антонио нь холестерин бууруулах элдэв эм ээжтэйгээ нийлж уудаг. Бланка өөрөө ажил хийж чадахааргүй бие муутай болсон бөгөөд ердөө 40 хүрч байгаа хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сангаас тэтгэмж хүртэж, харвачих вий гэж түгшихдээ өдөрт дор хаяж хоёр удаа цусан дахь сахараа хэмждэг.
Техасын Хидальгогийн тойрог Америкийн хамгийн ядуу, хүн ам нь хамгийн хурдан өсөж буй бүс нутгийн нэг юм. Энэ тойргийн оршин суугчдын 40 хувь нь Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр хүнс олгох хөтөлбөрт хамрагдсан ч олонх нь чихрийн шижин, илүүдэл жинтэй.
Бланкагийн машин ирж зогссон газраас тэнгэрийн хаяа сааралтан бүүдийж, наахна талд нь далдуу модод, АНУ-ын газар нутгийг Мексикээс тусгаарласан төмөр сараалжин хашаа үзэгдэнэ. Бланкагийн эцэг эх 1950-иад онд энэ хашааг даван Мексикээс Техаст суурьшсан бөгөөд тэд хилийн төмөр хашааны талаар байнга нэг үг хэлдэг байжээ, “Энэ хашааны нэг талд чи туранхай, нөгөө талд нь бүдүүн шүү” гэж. Эдүгээ энэ хашааг зөвшөөрөлтэй, үгүй нь мэдэгдэхгүй сая сая хүн давах болсноор өмнөд Техасын хүн ам хурдацтай өсөж байна.
Амьдралаа шинээр эхэлнэ хэмээн энд итгэл найдвар тээн ирсэн мексикчүүд эндхийг “Эль Футуро” гэдэг нь Ирээдүй гэсэн утгатай. Гэвч Америкийн хамгийн ядуу бүс нутгийн нэг, таргалалтаас үүдсэн өвчин улсын дунджаас хоёр дахин их байдаг газар, хүн амтай нь харьцуулахад эрүүл мэндийн салбартаа хамгийн их мөнгө зарцуулдаг тойрог, өлсгөлөнд нэрвэгдсэн хамгийн олон хүнтэй атлаа хүн амынх нь 38.5 хувь нь хэт тарган зэрэг үзүүлэлтүүд Хидальго тойргийн ирээдүйг тодорхойлж байна. Тус тойрог оршдог Рио Грандэгийн хөндий бол оршин суугчдынх нь дундаж наслалт улсын дундаж үзүүлэлтэд хүрдэггүй цөөхөн газрын нэг юм. Эндхийн хүүхдүүд эцэг эхийнхээ насанд ч хүрэхгүй байж мэднэ.
Энэ хямрал Вашингтонд өрнөж буй хүнсний тасалбар тойрсон элдэв маргаан мэтгэлцээний гол сэдэв болоод байна. Долоон америк хүн тутмын нэг нь Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр хүнс олгох хөтөлбөрт хамрагдсан байдаг. Харин энэ хөтөлбөр хүнсний асуудлыг шийдвэрлэв үү, эсвэл өөр олон асуудал үүсгэв үү, төр засаг иргэдэд хоол хүнс худалдаж авахад туслах нь зөв үү, юу идэж, уухыг нь зааж, зөвлөх үүрэгтэй юү гэсэн олон асуултад хариулт хэрэгтэй байна.
МакАллен дүүрэгт байх эмнэлгийн өрөө рүү Бланка хоёр хүүхдээ дагуулан орлоо. Эхлээд тэд ээлжлэн жингээ үзэв. Эмч жинд нь олигтой өөрчлөлт гараагүйг анхааруулж, Клариссаг чихэрлэг зүйлээ багасга, Антониог холестерин бууруулах эмээ нэмж уу хэмээн зөвлөнө.
-Халуун чипс идэж болох уу? Өдөрт ердөө ганцыг? гэж Антонио эмчээс асуув.
-Болохгүй ээ.
-Тэгвэл долоо хоногт ганцыг?
-Яагаад ч болохгүй.
Эмч ингэж хэлээд Бланка руу харав. Тэр өнөөдөр дахиад 17 ийм уулзалттай, дахин 17 удаа ингэж хэлнэ. Өрөөнийх нь үүдэнд Хидальгогийн хүүхдүүд шавсан байх агаад энэ тойргийн 18-аас доош насныхны 40 хувь нь сард багаар бодоход нэг удаа маш их өлсөж үздэг бол 35 хувь нь хэт тарган. Энэ эмч Рио Грандэ хөндийн бүх л эмчийн адил хүндхэн сорилттой тулаад байгаа. Тэр нь өлөн зэлмэн хүмүүсийг яаж бага идүүлэх вэ гэдэг асуудал.
ЭЛ хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэхээ мэднэ хэмээн өөртөө итгэлтэй байх үе Терри Каналест байжээ. Тэрбээр 33 настай, Техасын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн бөгөөд ядуурал, таргалалтад нэрвэгдсэн МакАллен дүүргийн захад өссөн байна. Замын хажууханд машинаа байрлуулаад хүнсний тасалбараар түргэн хоол, элдэв зууш авах хүмүүсийг тэр харж сууна. Томчууд өмнөд Техасын хамгийн түгээмэл зууш болох ганц долларын үнэтэй “Cheetos” халуун бяслагтай чипс, хоёр долларын үнэтэй халуун ногоотой мексик ороомог авах бол хүүхдүүд голдуу “Red Bull” авч ууна. Каналес энэ дүр зургаас гадна гэрийнх нь ойролцоох эмнэлгийн үүдэнд уртаас урт дараалал үүсэхийг өдөр бүр хардаг. Түүний олж мэдсэнээр тэр эмнэлэгт өдөрт дунджаар 28 хүн чихрийн шижинтэй хэмээн шинээр оношлогддог байна. “Бид өөрсдийгөө удаанаар алж байна” гэж тэр ярилаа. Энэ л итгэл үнэмшилдээ хөтлөгдөн, аюулын эсрэг тэмцэхээр тэрбээр 2012 онд хуульчийн ажлаа орхиж, сарын 600 доллараас хэтрэхгүй цалинтай албанд сонгогдохын төлөө хувиасаа 500 мянган доллар зарцуулжээ. Каналес эхнэр, гурван жаахан хүүхдээ орхин долоо хоног бүр Остин дахь мужийн захиргааны байрыг зорьдог. Тэрбээр санаа нийлсэн хэсэг хууль тогтоогчтой хамтран хүнсний тасалбараар худалдаж авч болох хоол хүнсний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа юм.
Миннесота муж хатуу чихэрнээс, Нью-Йорк хот хийжүүлсэн ундаанаас, Өмнөд Каролина муж чихэр ихтэй жигнэмэг, бялуунаас татгалзах тухай ярьж байна. Эдгээр мужаас сонгогдсон иргэдийн төлөөлөл хөнгөлөлттэй үнээр хүнс олгох хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн яамны Эмэгтэйчүүд, нярай, бага насныханд зориулсан хөтөлбөр шиг зөвхөн сүү, бяслаг зэргийг хүртээдэг эрүүл мэндэд тустай байгаасай гэж хүсчээ. Харин хүнсний тасалбараас ашиг олдог мужууд яамны бодлогод нөлөөлөхүйц алхам хийхгүй байна. Тиймээс Терри Каналес бага гэлтгүй зүйлээс ажлаа эхлэхээр шийджээ. Жилд хоёр тэрбум долларын орлого олдог чанаргүй хоол хүнсний худалдааг журамлахын оронд эхлээд аюултай нэг бүтээгдэхүүнд хориг тавихын төлөө тэр ажиллаж байна. Тэр нь кофейн, чихэр ихтэй, эрч хүч оруулдаг гэх хийжүүлсэн ундаа юм. Ийм ундааг хүүхдүүд хамгийн их уудаг ч эрүүл мэндэд ямар ч ашиг тусгүй нь хэдийн тогтоогдсон.
Мужийн захиргааны байранд өнгөрсөн зун болсон хэлэлцүүлгийн үеэр Каналес дуугаа өндөрсгөн байж энэ ундааг “жинхэнэ хор” гэснээрээ нэлээд эсэргүүцэлтэй тулгарчээ. Эхний гомдол Техасын ундаа үйлдвэрлэлийн холбооноос гарав. Энэ байгууллага Америкийн хамгийн хурдтай өсөж буй зах зээл болох тасалбараар олгодог хүнсний худалдаанаас шахагдахгүйг хичээж байна. Энэ салбарын ашиг сүүлийн 12 жилийн дотор 20 тэрбумаас 80 тэрбум доллар болтлоо өссөн тул арга ч үгүй юм. “Coca-Cola”, “Kraft”, “Mars” зэрэг компани энэ бизнест үлдэхийн төлөө Конгрессийг 10 гаруй сая доллараар лообийдсон мэдээ бий. “Ямар хоол хүнс хэнд ашигтай, үгүйг шийддэг хүмүүс бид биш” гэх нь лообийчдын хэлдэг ганц үг.
Хэлэлцүүлэг цаг орчим үргэлжилж, насанд хүрсэн хүмүүст юу идэхийг нь төрөөс зааж өгөх хэрэг үү, тийм бол хүнсний дэлгүүрт зардаг 40 мянга гаруй бүтээгдэхүүнийг хэн ангилж ялгах вэ, эрч хүчний ундааг хоригловол жирийн ундаанаас хоёр дахин их кофейн, гурав дахин их элсэн чихэр агуулдаг мөстэй кофег мөн хориглох уу, худалдаж болох бүтээгдэхүүн нь цөөрөхөөр хүнсний зарим дэлгүүр тасалбар хүлээж авахаа больвол яана гэх зэрэг асуудлаар санал солилцжээ. Гэхдээ энэ бүхнээс илүү ядууралтай хэрхэн тэмцэх талаар, иргэдэд хоол хүнсний боловсрол олгож, хүнсний дэлгүүрүүдийн мөрдөх эрүүл ахуйн журмыг сайжруулж, иргэдэд дасгал хийх орчин бүрдүүлж өгөх талаар, хүнийг их идэхэд хүргэдэг ядуурлаас үүдэлтэй бухимдал, сэтгэл санааны хямралын талаар эрх баригчид хэлэлцэх учиртай юм.
Дээрх хуралдаанаар Каналесийн саналыг дэмжих хүн олдсонгүй. Одоо тэрбээр чихрийн шижин өвчний талаар болон эрүүл мэндэд тустай хоол хүнсний тухай иргэдэд мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. “Санаачилсан хууль маань мөд батлагдахгүй болохоор ядаж зөв сонголт хийхэд нь хүмүүст тусалъя даа” хэмээн тэр ярилаа.
САЛАСЫНХНЫ эмнэлэгт очсон өдрийн үдээс хойш нь Луиза Колин, Жессика Рюда нар эрүүл зөв хооллолтын тухай таниулгын хуудас, хуванцар ногоонуудаа аван Мексикийн хилийг зорьсон юм. Гурван жил хамтдаа ажилласан тэд орлого багатай айлуудад жаахан гэлтгүй мөнгөөр амт сайтай, тэжээлтэй хоол хэрхэн бэлтгэх талаар хичээл заадаг. Тэдний ажлын багагүй хэсгийг Нэгдсэн Улсын Хөдөө аж ахуйн яам санхүүжүүлдэг байна. Энэ хоёр эмэгтэй МакАлленаас хөдөлж, цөлийн дундах засмал зам шороон замаар солигдож, шороон зам нь цааш хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, элс хайргатай тал болтол давхилаа. Хилээс цааш хоёр бээр хэртэй яваад тэд нурж унах шахсан хэдэн навсархай сууц, хуучирсан амбаарнаас бүрдэх Бага Мексик гэгддэг дүүрэгт хүрэв. Энд цэвэр ус, гэрэл цахилгаан гэхээр зүйл алга. Байрнуудын гадаа тахианууд гүйлдэж, замын уулзвар дээр хэдэн илжиг хогноос олдсон юу ч юм хэвж зогсоно. Колин, Рюда нар эндхийн эмэгтэйчүүдэд ногоон өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үрийн талх, боов, загасны мах идэхийг, өдөрт дор хаяж 30 минут дасгал хийхийг зөвлөхөөр иржээ. Ийм төрлийн сургалт, сурталчилгаанд зарцуулах нэг доллар тутамд эрүүл мэндийн салбарт зарцуулах төсөвөөс 10 доллар хэмнэх боломжтой гэсэн судалгаа бий. Гэтэл Хөдөө аж ахуйн яам хоол тэжээлийн сургалтад зарцуулах мөнгөний 25 хувийг саяхан танасан бол Конгрессийн зүгээс үлдсэн хэдийг нь цөөлөх талаар ярьж байна. Үүнээс болж зөвхөн Хидальго тойрогт л гэхэд арваад байсан хоол хүнсний мэргэжилтнээс одоо долоо хоногт 60 цаг ажилладаг зургаахан эмэгтэй л үлджээ.
Бага Мексикийн нэг эмэгтэйгээс Рюда “Та тэжээлтэй хоол идэж чадаж байна уу” гэж испаниар асуув.
-Идэж болж л байвал юу ч хамаагүй иднэ дээ.
-Танайх ногоо иддэг үү?
-Нэг их биш. Хааяа шош, салса л иддэг юм.
-Та дасгал хийдэг үү?
-Үгүй.
-Танайх хөргөгчтэй юү?
-Өмнө нь байсаан.
Эмэгтэй ингэж хэлээд “Одоо хоол үлдвэл мөстэй хайрцаганд хийдэг болсон” гэж нэмж хэллээ. Гэхдээ юм үлдэх нь ховор гэнэ. Эндээс хамгийн ойр хүнсний дэлгүүр долоон миль буюу 10 гаруй км-ийн зайтай байдаг аж. Харин дасгал хийхийн тухайд өдрийн дөрвөн цагаас хойш энд аюултай тул хүмүүс хар тамхины наймаачид болон нохой, шувуунаас айсандаа гадагш гардаггүй байна.
Рюдаг дараагийн айлд ороход өөр нэг эмэгтэй мэндийн зөрөө ч үгүй, цөхөрч гүйцсэн асуултаар түүнийг угтав. “Та нарт илүүчлэх хоол байна уу” гэсэн эмэгтэйн асуултыг харин Рюда, Колин нар Бага Мексикээс гадна иймэрхүү хэдэн зуун газраар явахдаа хамгийн олон сонсчээ.
-Байгаа. Одоохон аваад ирье гэж хэлээд Рюда буцаад гарлаа.
ЯДУУ зүдүү байдал иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг харсаар атал боловсролын салбарынхан юу ч хийж чадахгүй байгаа нь улстөрчдийн буруу. Ийм тохиолдолд хохирч үлдсэн хүмүүст нэг л гарц бий нь өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнсээ өөрчлөх юм.
“Өнөөдрөөс эхэлнэ ээ” гэж Бланка Салас хүү Антониодоо хэллээ. Хүүгээ “Хоолны дэглэм барина” гэж хэлэхэд Бланка “Ээж нь ч гэсэн” гэж нэмж хэлэв.
Энэ долоо хоногийн эхээр тэр зохистой хооллолтын сургалтад сууж, эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүний нэрсийн жагсаалт авчирчээ. Тэнд нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, бүхэл үр, тослог багатай бяслаг, шош гээд 20-иод төрөл зүйлийн хүнс бичсэн харагдана. Эдний заримыг Бланка сонсож ч байгаагүй, олонх нь түүний үйлчлүүлдэг нэг долларын дэлгүүрт байдаггүй.
Ядуу байна гэдэг туранхай эцэнхий байхын нэр гэж америкчууд ойлгодог байсан үеийн сүүлчээр тэр төрсөн. Эцэг эх нь түүнийг 11-тэй байхад насыг нь худал хэлэн нэмж, тариалангийн талбайд өөрсөдтэйгөө хамт ажиллуулж байв. Тэр үед Бланка гэртээ чанасан тахианы мах, агшаасан будаа идэж байсан ч МакАллений нутаг дэвсгэр тариалангийн талбай руу тэлснээр сургуулиа орхин, Кентакийн шарсан тахианы ресторанд (KFC) ажилд оржээ. Харин 19 настайдаа анхны хүүхдээ төрүүлж, хэдэн жилийн дараа нөхөртөө хаягдсанаас нийтийн байранд амьдрах болов. Байр нь түргэн хоолны 17 газар байрладаг гудамжинд байдаг. Хүүхдүүддээ амт, чанар сайтай гэрийн хоол өгөх гэж Бланка олон жил хичээсэн ч түүн шиг орлогогүй, бие муутай, ганц бие эмэгтэйд мөнөөх түргэн хоолны газрууд л хамгийн боломжийн үнэтэй хоол бэлдэж өгч байв.
Харин одоо Антониог гал тогоонд орж ирэхэд Бланка “Аятайхан юм идээрэй” гэж хэлдэг болжээ. Хүү жимсний салат, чихэр багатай ундаа авлаа.
Ээж нь “Сайн байна” гэж хүүгээ сайшаана.
Эх хүү хоёр буйдан дээр зэрэгцэн сууж байтал удалгүй гурван цаг болж, хоёулаа эмээ уув. Харин дөрвөн цаг болоход Бланка эрхий хурууныхаа өндгийг хатгаж, чихрийнхээ хэмжээг шалгалаа. Таван цагт тэр ээлжит инсулинаа тарив.
Хүү дахиад л өлсчээ. “Одоохон хоол хийнэ ээ, хүлээж бай” гэсэн ээжийнхээ үгэнд орж Антонио буйдан дээр буцаж суусан ч Рио Грандэ хөндийд аж төрдөг бусад бүх хүний адил улстөрч, хоол шинжээчдийн хутгаж орхисон будлианы хохирогчийн хувиар тэрбээр удаан тэсэхгүй нь бололтой.
Ард иргэдээ дэндүү жаахан хоолоор дэндүү удаан тэжээсэн нийгмийн золиос болох есөн настай хүү одоо өлсөөд л байх уу, эсвэл муухай юм идэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй болно. Хүү удсан ч үгүй “Юм идэхгүй бол болохгүй нь ээ” гэсээр хөргөгч рүү зүглэв ээ.
Эх сурвалж: Фэйсбүүк