Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нар боловсролын салбарын хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Герман улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3.500 хавтгай дөрвөлжин талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 хавтгай дөрвөлжин талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн юм. Төсөл хэрэгжүүлснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө гэж талууд үзэж байна.
Төслийн санхүүжилтийг ХБНГУ-ын төрийн өмчит банк болох Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан олгох бөгөөд Монгол Улсын БСШУСЯ хэрэгжилтийг хариуцан ажиллах юм.
Гарын үсэг зурах ёслолд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа нар оролцов.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг