Швейцарийн Лозанна хотод Олон улсын Олимпын хорооны 134 дэх удаагийн хуралдаан явагдаж, 2026 оны Өвлийн тоглолт явагдах газрыг тодорхойлов. Италийн Милан ба Кортина-д'Ампеццохотууд Өвлийн Олимпын эздээр тодорлоо.Өвлийн Олимпын XXV наадмын эзэн болохын төлөө Шведийн Стокхольм хот мөн өрсөлдөж байсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 47 нь Италийн мэдэгдлийн төлөө 34 нь Шведийн төлөө өгч, нэг хүн түдгэлзсэн байна.
ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах "Бид өвлийн спортын арвин их уламжлалтай улс оронд гайхамшигтай Олимпиад болно гэдэгт найдаж болно. Италийн хөгжөөн дэмжигчдийн эрч хүч нь зохион байгуулагчдын туршлагатай хослоод дэлхийн шилдэг тамирчдад төгс уур амьсгал бүрдүүлэхэд тусална" гэжээ.Ингэснээр Итали нь Олимпын тоглолтыг дөрөв дэх удаагаа хүлээн авна. 1956 оны Өвлийн тоглолт Кортина-д'Ампеццод, 1960 оны Зуны тоглолт Ромд, 2006 оны Өвлийн тоглолт Турни хотноо тус тус болж байсан юм.Харин Шведийн Стокхольм хот нь 1912 онд Олимпын тоглолтыг хүлээн авч байсан. 1956 оны Зуны тоглолтыг Австралийн Мельбурнд зохион байгуулахад эзэн хот нь морин спортын төрлийг явуулах боломжгүй болсноор Стокхольм хот хүлээн авч байсан. Шведийн нийслэл нь 2004 оны тоглолтыг явуулах хүсэл гаргасан ч Афина хотод ялагдаж байсан юм. Ингэснээр 1912 оноос хойш Швед нь Олимпын тоглолт явуулахаар найман ч удаа хүсэлт гаргаад амжилтад хүрч чадаагүй.