Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй
Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах SOMO төвөөс Уул уурхайн татварууд, Оюу толгойн хэрэг ба Рио Тинтогийн Монгол дахь татвар зувчуулалтыг судалжээ. Бид энэ удаагийн дугаартаа тус төвийн судлаач Винсент Кизебринктэй ярилцаж судалгааных нь талаар зарим зүйлийг тодрууснаа уншигч танаа хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. SOMO судалгааны байгууллагын талаар манай сонины уншигч нарт танилцуулах уу?
-Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв /SOМO/ гэдэг байгууллага юм. Манай байгууллага бол ашгийн бус ТББ юм. Өмнө нь манай байгууллага “Алтайн хүрд” гэдэг компани дээр судалгаа хийж байсан. Хувь судлаачийн хувьд Монголд хийж байгаа хамгийн анхны судалгаа бол “Оюу толгой” ХХК болж байна. Би бусад улс оронд судалгаа хийж байсан туршлагатай.
-Танай байгууллагаас хийсэн судалгаа хэр үнэн бодитой вэ? Рио тинто манай улсад төлөх ёстой байсан татвараа зувчуулсан асуудлыг тодруулж өгнө үү. Яг ямар нөхцөл байдал үүссэн юм бол?
-Татвар зувчуулалт гэх энэ үйлдэл бол тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хууль эрх зүйн цоорхойг ашиглаад өөрийнхөө төлөх ёстой байсан татварыг аль болохоор хязгаарлах багасгах зорилгоор хийж байгаа үйлдэл гэж ойлгож болно. Рио Тинтогийн хувьд, хоёр оронд төлөх ёстой татвараа зувчуулсан байгаа. Нэгдүгээрт, Канад улсаас татвар зувчуулсан. Яаж зувчуулсан бэ гэхээр mail box буюу шуудангийн компаниудыг Люксенбургт байгуулаад тэр компаниараа дамжуулан зувчуулсан байна.
Харин Монгол Улсад төлөх ёстой татвараа Монгол Улсын Засгийн газартай хийсэн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г ашиглаж бууруулсан үйлдлээр зувчуулсан байсан. 2009 онд Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед Монголын тал цаашид нийгэм эдийн засагт учруулж болох үр дагавар, эрсдэлийг сайн тооцоолоогүй байж болох л юм.
Манай байгууллагаас хийсэн судалгааны талаар Нидерланд болон Канадын Засгийн газрын түвшинд тодорхой яриа хэлцэлүүд хийж, манай судалгааг авч үзсэн байгаа. Бид ТББ болон Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс маш их дэмжлэгийг хүлээж байгаа. Ялангуяа Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнүүдийг сүүлийн үед шүүмжилж байна. Энэ шүүмжлэл хаанаас гарч байна гэвэл санхүүгийн салбарын байгууллагуудаас гарч байна. Бид энэ судалгааны ажлын үр дүнг мэдсэнээр мэдээж цаашид татварын бодлогыг хэрхэн сайжруулах, ялангуяа санхүүгийн тогтворжуулах заалтуудыг гэрээнд оруулж байгаа. Тэр заалтуудыг цаашид ямар байдлаар өгөөжтэй байлгах гэх зэрэг асуудалд илүү санаа оноо гарах байх гэж найдаж байна.
Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой юу? Манай улс ойролцоогоор хичнээн төгрөгийн татвараа алдсан бол?
-Манай судалгааны багийнхан Монгол улс Канадад байрлах Оюутолгойн компанийн зүгээс хуримтлуулах ёстой байсан татварыг тооцож үзсэн. Монгол Улсын хувьд бол МУ-ын Засгийн газраас Оюу толгой төслийг хэрэгжүүлж байгаа байгууллага компани болон хөрөнгө оруулагчидтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний улмаас 2015 оны байдлаар 230 сая ам.долларын татварыг алдсан гэсэн тооцооллыг хийсэн.
2009 онд “Оюу толгой” ХХК МУ-ын Засгийн газар, Нидерландын Засгийн газартай байгуулсан давхар татварын гэрээнд заасан үнэ тогтворжуулах заалтын улмаас ганц Монгол Улс хохироогүй. Энэ заалтаас улбаалан Канад улс бас татвараа зувчуулсан байна. Тухайлбал, Канадын хувьд корпорацийн орлогын татвар гэж байдаг.
Рио тинто Люксенбургт шуудангийн компаниуд байгуулсан. Тийм учраас корпорацийн орлогын татварыг Канадад төлөөгүй. Үүнээс болж Канад Улс 560 сая ам.долларын алдагдал хүлээсэн байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг өөрчлөхгүй бол цаашид энэ мэт татвар зувчуулалтын мөнгөн дүн өссөөр байх юм.
-Олон Улсад хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдол байдаг уу? Үүнийг засч болох болов уу?
-Монголын Засгийн газраас Оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт хийх тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын ОУ-ын Арбитрын шүүхэд дуудах болно гэсэн заалт байгаа учраас МУ-ын Засгийн газраас гэрээг өөрчлөх эсвэл нэмэлт өөрчлөлт хийх тохиолдолд ОУ-ын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэл үүсчихээд байгаа юм.
Ганцхан энэ гэрээ ч биш л дээ. Жишээлбэл, Монгол, Недарландын Засгийн газар хоорондын хийсэн гэрээний заалт адилхан байгаа юм. Хэрвээ энэ гэрээг өөрчлөх гэж оролдох эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийчих юм бол ОУ-ын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн утгатай нэг заалт явж байгаа юм. Ялангуяа одоогийн мөрдөж байгаа татварын тогтолцоог татварын хувь хэмжээгээр оногдуулна гэдэг ч юм уу эсвэл “Оюу толгой” ХХК-тай ямар нэгэн байдлаар санал зөрөлдсөн тохиолдолд ОУ-ын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэл бий болчихоод байгаа юм.
Татвар зувчуулалтыг ОУ-д яаж шийдвэрлэдэг юм бэ? Бусад орны тухай судалсан уу?
-Мэдээж ОУ-ын хэмжээнд татвар зувчуулалтыг шийдвэрлэх талаар санаачлагууд гарч байгаа. Гэхдээ ойрын хугацаанд энэ бүх санаачлагууд оновчтой шийдвэрлэгдэх хараахан боломжгүй. Шийдлийг олно гэж хэлэхэд ч тун хэцүү байна.
“Оюу Толгой” ХХК-ийн хувьд асуудал ямар эрх зүйн хүрээнд явагдаад байна гэхээр Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгой төсөлд хөрөнгө оруулагчидтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ бүх асуудал шийдвэрлэгдээд явж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч буюу Рио тинто гэх байгууллагаас татвар зувчуулалт явагдаж байгаа.
Яагаад энэ гэрээгэзр татвар зувчуулалт явагдаж байгаа гэж?
-Яагаад гэвэл Рио Тинто Монгол улстай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээндээ татвар төвлөрүүлэхдээ үнэ тогтворжуулах заалт тусгасан байдаг. Энэ гэрээнд татвар яаж ч өссөн Монгол 2009 оны татварын тарифаар татвараа төвлөрүүлнэ. Харин татвар буурах юм бол дагаж бууна гэж заасан байгаагаас болж энэ бүх татвар зувчуулалт явагдаж байгаа юм.
-“Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газрын зүгээс маш их хөндөгдөж байгаа. Харин Оюу толгойн зүгээс энэ асуудлыг тавих юм бол далд уурхайн санхүүжилтээ зогсооно гэх зэргээр шахаанд оруулдаг. Олон улсад ийм гэрээ барьчихаад ёс зүйгүй авирлаж байгаа үндэстэн дамнасан томоохон компаниудын ёс зүйд хэрхэн анхаарал хандуулдаг юм бэ? Нэгэнт гэрээний заалт ийм л учраас бид айх ёстой юу?
-Хөрөнгө оруулагчид ямар бодолтой байгааг, яг ямар алхам хийх гэж байгааг би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ миний ойлгож байгаагаар Монгол орон эрдэс баялгийн асар их нөөцтэй орон. Оюу толгой орд бол дэлхийд томоохонд тооцогдох их нөөц баялагтай. Магадгүй Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх боломж моментүүд гарч ирж болох л юм. Гэвч Оюу толгойн орд газрын хувьд маш их гарз хохирол харагдаж байгаа юм. Хамгийн гол зүйл бол цаашид эрдэс баялагтай холбоотой гэрээнүүдэд тухайн улс орон бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг нь гашуун сургамж болж байна, Хэзээ нэгэн цагт ганцхан Оюу толгой уурхайн ордоос гадна өөр орд газруудын эрдэс баялгийг ямар нэгэн байдлаар олборлох шаардлага үүснэ. Яагаад гэвэл цаашид үндэстэн дамнасан томоохон корпорацуудтай хийх гэрээний хувьд нөхцөлийг нь маш сайн шалгаж нягтлаж, улс оронд өгөөжтэй байгаа үгүйг хянаж, судлаад үзэглэх шаардлагатай гэсэн үг юм. Тэгэхгүй бол татвар төвлөрүүлэх бус харин ч хүүгийн өр төлдөг улс орон болох аюултай.
-Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?
-Оюу толгойн хувьд ямар нэгэн өөрчлөлт хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээний үнэ тогтворжуулах заалттай холбоотой асуудлаар шүү дээ. Гэхдээ арга зам үргэлж байдаг. Монголчууд Олон улсын татвар төлөгчдийн холбоонд санал хүсэлтээ илэрхийлж, тэдний дэмжлэг туслалцааг авч хөдлөх ёстой болов уу гэж хувь судлаачийн зүгээс харж байна.
Т.Солонго
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин