Баабар: Pио Тинтог Монголоос шахаж гаргая

Баабар: Pио Тинтог Монголоос шахаж гаргая
Оюутолгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Архиваа ухаж үзвэл Оюутолгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюутолгой”. (2008.9.14), “Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), "Барон Робэрт (2010.2.1), “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюутолгой мөд сэхэхгүй”, (2015.2.15), "РиоТэнтог Монголоос шахаж гаргая" (2018.12.03). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээчгүй байхад зөв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол улс Оюутолгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амитанаас болж баларсан. Одоогоос зургаан жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ.
 
ОЮУТОЛГОЙН УУРХАЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ.
 
Оюутолгой бол нэг уурхайд төвлөрсөн дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг гэдэг. Уурхайн байрьж байгуулах нийт өртөг нь 13 тэрбум доллар гэж тооцоолж буй нь Монголын бүх түүхэн дахь хамгийн том хөрөнгө оруулалт болно. Уурхайн 34% Монголын Засгийн газрын өмчлөлд, 66% Тюркоз Хилл Рисорс компаны мэдэлд байгаа. Ордыг анхлан нээсэн Айванхо Майнз компанитай Рио Тинто хамтарсан компани байгуулж ийм нэр өгсөн ба удалгүй Рио Тинто нь Айванхо Майнзаас ихээхэн хувьцаа худалдан авч 51% буюу хяналтын багцыг эзэмшсэн аж. Цаана нь үлдэх 15% нь жижиг хувьцаа эзэмшигч 6-7 компанид харъяалагддаг. Монголын талын эзэмшиж буй 34% бол хожим буй болох орлогоороо эргүүлж төлөх нөхцөлтэйгээр Тюркоз Хиллээс зээлж авсан мөнгөөр бүрэлдсэн. 
 
Албан танилцуулгуудад мэдээлж буйгаар 2013 оны 7-р сард Оюутолгойн Монголын талын эрхэлсэн захирал Цэрэнбатын Сэдваанчиг Тюркоз Хиллийн хөрөнгө оруулагчидтай муудалцсан хөөж тууснаас болж Риогийн хувьцаа шууд 20% унасан учир гүний уурхайн барилгын ажлыг зогсоож консервацид үлдээжээ. Хоёр жилийн дараа Дубай хотноо Монголын шинэ Засгийн газартай гэрээг дахин шинэчлэн гүний уурхайн барилгын ажлыг сэргээн 2021 он гэхэд уурхайн ил ба далд хэсгийг бүрэн дуусгаж ашиглалтад өгөх, үүнд нэмэлт  хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Гэвч дараа жил нь шинээр гарч ирсэн Засгийн газрын зүгээс Оюутолгойд асар том шалгалт оруулан үй олон гомдол гаргаж эхэлсэн төдийгүй Рио Тинто, Тюркоз Хиллс компанитай ОТ ашиглалтын гэрээг анхлан хийсэн Ерөнхий сайд асан Санжийн Баяр, гэрээг шинэчлэн хийж гүний уурхайн барилгын ажлыг сэргээхээр тохирсон Ерөнхий сайд асан Чимидийн Сайханбилэг нарыг баривчлан шоронд хорьжээ. Хэдийгээр батлагдаагүй боловч тэднийг гэрээ хийхдээ Рио Тинтогоос магадгүй хэдэн тэрбумаар тоологдох долларын хахууль авсан байх магадлалтай гэж буруутгаж байгаа юм.
 
Хэдийгээр өнөөдөр ОТ уурхайн ашиглалтын явцад Монголд 6 тэрбум орчим долларын хөрөнгө нэгэнт орчихоод байгаа, сар бүр 100 гаруй сая долларын хатуу валютыг Монголын дэндүү даруухан валютийн нөөцөнд нэмэрлэж байгаа, улсын төсвийнх нь гуравны нэгийг бүрдүүлж байгаа, уурхайд нийт 18 мянган монгол ажилчин инжинер техникийн хүмүүс ажиллаж буйгаараа энэ орны хамгийн том ажил олгогч болсон байгаа боловч богино настай Засгийн газрууд болон парламентийн санаачлага дэмжлэгээр явуулж буй суртал нэвтрүүлэг, элдэв цуурхлаас болоод монголчууд Рио Тинтог мөлжигчид төдийгүй газрын баялагийг нь үнэ төлбөргүй дээрэмдэн авдаг гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болсон юм. Гэтэл үнэндээ өдий болтол Монголын Засгийн газар Оюутолгойн уурхай руу нэг ч цент хийгээгүй, зээлээр авсан гэх мөнгөө хожим уурхай бүрэн ашиглалтад орж олзворлолт хийн, байгуулсан өртгөө нөхсний дараа олох ашгаасаа төлөх учиртай юм. Харин энэ хооронд Монголын Засгийн газар ил уурхайн нүүрний борлуулалт, газрын болон усны төлбөр, роялти зэргээс бараг хоёр тэрбум орчим долларыг авчихаад байгаа. Үүнээс гадна нийт 800 орчим туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилладагийн 80% нь үндэсний компаниуд, энэ хугацаанд тэдэнд бараг 3 тэрбум доллар төлжээ.
 
Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг аварга том корпараци Рио Тинтогийн нийт эргэлтийн ердөө тавхан хувийг Оюутолгойн уурхай эзэлдэг. Тус компаний удирдах зөвлөл нь 13 гишүүнээс бүрддэгийн 6 нь тус компанид хөрөнгө оруулаагүй гадны хамаагүй хүмүүс ажээ. Монголын төр, Засгийн газрууд, парламент, төрийн агентлагууд, олон нийтийн байгууллага, иргэдийн тасралтгүй өдөөн хатгалга, гүтгэлэг, элдэв дарамтаас болж удирдах зөвлөлийн гишүүдийн хооронд Оюутолгойг цаашид хэрхэх тухай зөрчил маргаан үүсээд жил гаруй болж байна. Монголын татварын болон гаалийн албаны хамгийн жижиг нэгжийн байцаагч Тюркоз Хиллд хэдэн зуун сая долларын торгууль ноогдуулдаг, Риотой гэрээ хийсэн хамгийн дээд шатны төлөөлөгчдөө Риогоос хахууль авсан хэрэгт түлхэн баривчилж шоронд хийдэг гэх мэтийн удаа дараагийн олон үйлдэл нь энэ ордын ашиглалтаас хөөн гаргах гэсэн дохио, даралт шахалт гэж тэд үзэж байна. Иймээс ялангуяа компаниас хараат биш гишүүдийн зүгээс Монголтой цаашид хамтран ажиллахаас нэг мөсөн татгалзах шийдвэр гаргахыг шаардаж байгаа ажээ.
 
Рио Тинтог ядуу орнуудын эрх баригчдыг хахуулдан авилга тарааж явдаг мэтээр гүтгэлэг тараах нь тус компаний нэр хүндэд хортой төдийгүй дэлхий даяар явуулж буй уул уурхайн бизнист нь учруулах хохирол нь Оюутолгойгоос олж болох ашгаас хавьгүй хохиролтой гэж тэд үзэж буй.
 
Зөвлөлөөс гурван асуудлаар Монголын Засгийн газартай тохирох эсэхийг харзнахаар шийдсэн байна. Нэгдүгээрт цахилгаан эрчим хүчний асуудал. ОТ цахилгааныхаа хэрэгцээг Хятадаас хангадаг. Эрчим хүч гаднаас импортлох эрхийг 2019 он гэхэд зогсоох шийдвэрийг Монголын Засгийн газар гаргасан. Риогийн зүгээс өөрснөө цахилгаан станц баръя гэтэл үүнийг говийн бүст нэгдсэн эрчим хүчний үүсвэр байгуулах шийдвэр гаргаад саналыг хүлээж аваагүй. Тэгснээ Засгийн газар нэгдсэн эрчим хүчний станц байгуулахаасаа гэнэт татгалзсан. Цахилгаангүйгээр цаашид ОТ ажиллах бололцоогүй. Рио Тинто өөрөө бие даагаад станц байгуулах зөвшөөрөл дахин тавиад хариуг 2018.11.1-ээс өмнө өгөхийг хүссэн боловч ямар ч хариу алга, таг чиг.
Хоёрдугаарт хил гаалийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Нэг мөсөн нэг янзаар шийдэж өгөхийг удаа дараа хүсэлт тавьсан боловч Засгийн газар байтугай хил гаалийн байцаагч солигдох бүрд өөр өөр шинэ шаардлага тавьсаар байгаа. Үүнийг нэг мөсөн нэг талд нь шийдье гэсэн санал тавьсаар байгаа. Энэ нь үнэн хэрэгтээ Монгол, Хятадын харилцааны асуудал учраас ОТ зүгээс дангаар шийдэх бололцоогүй, зөвхөн Монголын Засгийн газар л шийдэх ёстой.
Гуравдугаарт Монголын төрийн тогтворгүй байдал нь татвар болон өөр олон асуудлаар гэнэт цоо шинэ шаардлага үүсгэн цочирдуулдаг нь Олон улсын хөрөнгийн бирж дээрх хувьцааны савалгаагаар үнийг байнга унагаж байна. Иймээс хөрөнгийн биржийн үнэлгээтэй уялдсан шийдвэрийг урьдчилан тохирч байх тухай ярьжээ.
 
Ингээд болохгүй бол Монголоос нэг мөсөн гарч явах болно.
 
ХОЁР УЛСЫН ЗААГЛАСАН БУФЕР БҮС
 
Монгол улс нь аль 1911 онд өөрийн тусгаар тогтнолыг заралсан боловч дэлхийн аль ч улсаар хүлээн зөвшөөрөгдөхгүй явсаар дөнгөж 1946.1.6-нд өмнөд хөрш Хятадаар, 1946.2.28-нд умарт хөрш СССР-ээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Хойд талаасаа Хаант Орос, өмнө талаасаа Манж Чин улсад шахагдсан Гадаад Монгол нь аль XVII зууны эцсээр Манж Чин улсын вассал болж хоёр тал биенийхээ өмнө харилцан үүрэг авсан. Манж нар бол хятадын хань үндэстнүүд биш, Хятад орныг эзлэн түрэмгийлж төрийн эрхийг нь булаан авсан нүүдэлчин ард түмэн. Манж нар монголчуудыг орос, хятад үндэстний алив нэг дарамт шахалт, нөлөөнөөс хамгаалах үүрэг авчээ. Иймээс ХХ зуун хүртэл Гадаад Монгол нь онцгой хамгаалалт бүхий хаалттай дархан нутаг байсан юм. Манж Чин гүрэн Хятадын Цинхайн хувьсгалаар унаснаар дээрх тохиролцоо хүчингүй болж Гадаад Монгол өөрийн тусгаар тогтнолыг заралсан билээ. Харин Хятадын шинэ Засгийн газар, тэдний бүгд найрамдахчууд шинээр тусгаар тогтносон Хятад улсыг Манж Чин гүрний шууд залгамжлагч, түүний үргэлжлэл гэж үзэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гуч гаруй жилийн турш ЗХУ, Хятад, Япон гэсэн гүрнүүд Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлаар маргасаар үүнийг дэлхийн II дайны дараа нэгмөсөн шийдсэн билээ. Монгол улсыг хэнд нь ч өгөхгүй, Орос-Хятадыг заагласан буфер бүс болгохоор хоёр тал тохирсноор Монголын тусгаар тогтнол хоёр хөршөөр, улмаар дэлхийн ихэнх орноор хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
 
Оросууд дорно зүг газраа тэлсээр бүх Сибирийг эзэлсний дараа Манж Чин гүрний умарт хэсэг болох Манжуурын хойт хэсгийг Хятадтай булаацалдсанаас үүдэн 1689 онд Нерчинскт хил тогтоох гэрээ хийжээ. Дараа нь Халх Манжид дагаар орсныг тохиолдуулан 1727 онд Буурын гэрээгээр шинэ хил тогтоов. Оросууд 1856 онд Крымын II дайнд ялагдал хүлээснээр цаашид газар нутгаа өрнө зүг тэлэх бололцоогүй болсноо ойлгож, II Александр хаанаас эхлэн Дорно зүг газар нутгийн тэмцэл хийж эхэлсэн юм. Орос Хятад хоёрын гэрээ Кульж - 1857, Айгун – 1857, Бээжин – 1860, Санкт Петрбург - 1881, Бээжин - 1913, Хиагт - 1915, Бээжин – 1924, Москва – 1945, Москва - 1949, Бээжин – 1989 мэтээр олон удаа болсны бараг бүгдээрээ хилийн асуудал байсан ба ихэнхдээ Оросын тал довтлогч нь байлаа. 
 
Энэ хооронд оросууд Манжуур, Монгол, Дорнод Туркестанаас асар том газар нутаг булааж авч дөнгөсөн боловч дундуураа гурав тасарсан Гадаад Монголын асуудал арай өөрөөр эргэсэн юм. 1912 онд Хятадад хувьсгал гарч Манж Чин гүрнийг түлхэн унагаж Бүгд найрамдах засаглал тогтсон, Дорнын газар нутгийн төлөө булаалдах шинэ өрсөлдөгч Япон гарч ирэн 1905 онд Оростой байлдаж дийлсэн, 1920 оны Вашингтоны бага хурлаар Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн гэх мэтийн асуудлаас болоод Орос нь Гадаад Монголыг шууд булаан эзэгнэх бололцоогүй болжээ. Түүхэн ийм нөхцөл байдлаас болж 1907 онд Япон, Орос хоёр нууц гэрээгээр Манжуур, Барга, Өвөр Монгол нь Японы нөлөөний бүс, Гадаад Монгол нь Оросын нөлөөнийн бүс гэсэн тохиролцоонд хүрчээ. Энэ гэрээг улам нарийвчилсан дараагийн нууц тохиролцоог 1912, 1916 онуудад хийж баталгаажуулжээ. Иймээс СССР нь Гадаад Монголыг Японоос тусгаарлах өөрийн нөлөөний буфер бүс гэсэн зарчмыг хатуу баримталсан юм. 
 
Дэлхийн дайнд Япон ялагдаж тоглоомоос хасагдсаны дараа Гадаад Монголыг Орос, Хятадыг тусгааралсан бүс гэж үзэх болов. Үүнд хятадууд дургүй байсан боловч эцэст нь АНУ-ын оролцоотойгоор Ялтын гэрээгээр Монгол улсын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрүүлсэн. Эцэст нь Москвад болсон Орос-Хятадын гэрээгээр хоёр тал Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Энэ гэрээг 1950 онд Маогийн Хятад ч хүлээн зөвшөөрсөн юм.
 
Өнөөгийн Монгол улс бол хоёр хүчирхэг хөршийнхөө харилцан тохиролцоогоор тэднийг заагласан бүсийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс юм. Хэнийх нь нөлөөний бүс байх нь тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Гээд юутай ч энд гурав дахь орны эрх ашиг орж ирэхийг аль аль тал зөвшөөрөхгүй. Монгол улс 1972 онд Японтой дипломат харилцаа тогтооход хоёр хөрш тааламжтай хандаагүй. АНУ-тай харилцаатай болох гэж Монголын тал олон жил зүтгэсэн боловч үүнийг СССР-ийн зүгээс дөч гаруй жилийн турш хаалт хийж зөвшөөрөөгүй. Гэхдээ Гадаад Монголыг аль ч тал өөрийн болгож аннекс хийх бололцоогүйгээс гадна хүсэлгүй. Дэлхийн II дайны дараа Монголын удирдагчид улс орноо СССР-ийн бүрэлдэхүүнд багтаах гэж хэд хэдэн удаа оролдон хүсэлт өргөдөл гаргаж байжээ. Энэ бол үнэндээ тэнэглэл байсан юм, учир нь дайны дараах дэлхийн газрын зураг нэгэнт хуваагдан тогтсон байхад ийм зүйл хийх нь бололцоо ч үгүй, аль ч хөрш нь үүнийг хүлээж авах хүсэлгүй нь тодорхой.
 
УУЛ УУРХАЙН БУЖИГНААН
 
Орос, Хятадын тохиролцоогоор хүлээн зөвшөөрөгдөж тусгаар тогтносон энэ орон хүйтэн дайн дууссан бужигнааны үеэр хараа хяналтаас гарчээ. Ардчилсан тогтолцоо, нээлттэй нийгэм, зах зээлийн харилцаанд орж гадаад бодлогоо хоёр хөрш дээрээ нэмээд гурав дахь хөршийн бодлого зарлав. ОУВС, Япон болон өрнийн орнуудын тусламжаар шилжилтийн хүнд үеийг даван туулав. Газрын баялаг ихтэй байж магадгүй энэ орон гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар ихэд хичээв. Зөвхөн 1990-2000 оны хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан 200 орчим удаагийн хэлсэн үг бүртгэгдсэн байдаг. Гэвч шинэ зуун гартал Монголд бараг хэн ч орж ирээгүй юм. Өөрснөө л гар аргаар жаал жуул алт олборлосон байх. Стратегийн бүхий л байгууламж нь Оросоос хамааралтай, гадаад худалдаа нь Хятадаас хамааралтай эхний 10 жилийг туулав. Хөршүүд ч тайван байлаа.
Үйл явц шинэ зуун гаруут үндсээрээ өөрчлөгдөв. Монголд геологийн хайгуул хийх, байгалийн баялаг ашиглах, хөрөнгө оруулах өрнөдийн компаниудын сонирхол гэнэт нэмэгдлээ. Геологийн том жижиг олон орд нээгдэж хөрөнгө оруулалт цутгаж эхлэв. Аравхан жилийн дотор ДНБ ганц тэрбум доллароос 12 тэрбум болтол өсөв. ДНБ-ий өсөлт жилийн 17% гэсэн аварга амжилт ч бүртгэгдлээ. Дэлхийн нэртэй олон эдийн засагчид, нэр хүндтэй мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг дараагийн Азийн бар гэж нэрлэх болжээ.
 
Нэгэнт гэнэт анхаарал татсан тул Путин богино хугацаанд Монголд гурван удаа айлчлав. Сталин, Хрущев ирж байгаагүй, харин Брежнев энд цэрэг байрлуулахаар ирж байв. 1990 оноос хойшхи Хятадын бүх удирдлага айлчиллаа. Мао, Дэн нар ирж байгаагүй. Аль ч удирдагчдын юун түрүүн санаа зовж байгаа асуудал нь олон дахин гуйж шаардаж ятгасаар атал монголчууд өдий болтол Шанхайн хамтын нийгэмлэгт элсээгүй явдал. Тэрнээс илүү санаа зовмоор асуудал бол Монголд “гуравдахь орнууд” энд хэзээ ч орж ирж байгаагүй их хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бол Москва, Бээжингийн алиных нь нүдээр харсан геополитикийн том алдаа юм. Тохиролцоогоор буй болсон жийргэвч бүс төлөвлөснөөс өөр байдалд оржээ. “Сүүл нь нохойгоо тоохоо болив” гэсэн үг байдаг.
 
ХӨРШҮҮДИЙН АВИР
 
Оюутолгой хэмээх асар том баялаг ордод өрнөдийнхөнолон тэрбум доллар оруулахаар шийдээд нэгэнт ажлаа эхэлснийг Путин Монголд айлчлахдаа мэдэв. Улаанбаатарт суух Оросын элчин сайд энэ тухай огт мэдээгүй байсан тул түүнийг үтэр түргэн хөөж явуулсан юм. Канадын Хан Рисорс хэмээх компани Монголд урааны хайгуул хийх төдийгүй хөрөнгө оруулан ашиглаад эхэлсэн байна. Оросын Ерөнхий сайд асан Криенко өөрийн биеэр тэнд очиж үзсэн. Эндээс канадчуудыг хөөж явуул, тэгээд манайтай хамтарч ажиллая гэсэн санал тавьсан юм. Тэр байтугай арбитрийн шүүхэд гарах торгуулийн мөнгийг өмнөөс нь төлнө гэж хүртэл амаллаа. Монголын Ерөнхий сайд Кремльд айлчлахад Путин түүнд канадчуудыг хөөж гаргахыг давхар сануулаад арбитрын шүүхийн асуудал гарахад сайн өмгөөлөгчөөр туслана гэж амлав. Юутай ч Монголын Засгийн газар Хан Рисорсыг хөөсөн. Цаадуул нь мэдээж арбитрын шүүхэд хандан 400 сая доллар нэхэмжлэв. Удтал сунжирсны эцэст шүүхээс Монголыг 100 сая доллар нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Энэ хооронд Хан Рисорсын канад захирал Улаанбаатарт зүрхний шигдээсээр бурхан болов. Харин оросууд таг чиг болсон. Өнөө амалсан өмнөөс нь торгуулын мөнгийг төлөх, мэргэжлийн хуульч өмгөөлөгчөөр туслах тухай байтугай ордыг хамтран ашиглах асуудал ч таг болжээ. Оросууд ураанаар дутаагүй, түүнээс гадна хамгийн том нөөцтэй орны нэг гэгдэх Казакстанаас ч авдаг. Харин Монголын нөөц өнөөдөр дэлхийн урааны нийт илэрцийн ердөө ганц хоёрхон хувийг эзэлдэг.
 
Монголын урааныг хамтран ажиллахаар сонирхсон өөр компани гэвэл Японы Тошиба, Францын төрийн өмчит Ариава юм. Ариава Монголд хайгуул хийж эхлээд бараг 25 жил болж байна. Үе үеийн Засгийн газрууд тэдэнд ашиглалтын лиценз өгөхгүй боож хаасаар ирсэн. Цөмийн аюул гэх мэтийн ямар ч үндэслэлгүй гүтгэлэгийг тараах ба айлган сүрдүүлэх ажлыг мэдээллийн хэрэслэл болон олон нийтийн байгууллага гэх рэкетчидээр гүйцэтгүүлнэ. Цөмийн аюулыг сурталчлан Монголд цөмийн шаар булшлах гэж байна гэх мэтийн худал мэдээлэл цацаж цуглаан жагсаал эсэргүүцэл зохион байгуулдаг хүн нь Японы иргэн, солонгос үндэстэн байдаг. Тэр баян хүн биш ч энэ бүх ажиллагааг санхүүжүүлдэг. Рэкетчидийг санхүүжүүлдэг мөнгө Германаас дамжин орж ирдэг нь нотлогдсон. Японы ч, Германы ч албаны хүмүүс ийм асуудалд өөрснийгөө холбоогүй гэдэг. Францын гадаад яамны сайд Монголд айлчилж Аривагийн асуудал сөхөхөд биотехнологи хөгжүүлэхэд 7 сая доллар одоо бэлнээр өгвөл асуудлыг шийдэж болох юм гэж Монголын төрийн дээд албаныхан шантаажилж байсан тохиолдол ч бий.
 
Тавантолгойн коксжих нүүрсний орд бол дэлхийн хамгийн томд орох ордын нэг. Энэ ордыг ашиглах тогтоолыг Монголын төр 1968 онд гаргажээ. Ийм том хөрөнгө оруулалтыг дангаараа дийлэхгүй учир хамтрах саналыг Румын, Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгост удаа дараа тавьж байсан ч тээврийн хүнд нөхцлөөс болоод үргэлж татгалзсан хариу сонсож байв. Харин шинэ зууны эхээр Хятадын Шинхуа компани, АНУ-ын Пибоди компани хамтран ашиглах сонирхлоо илэрхийллээ. Австралийн нүүрснээс бүрэн хараат Солонгос, Япон нь тэнд болсон гамшигт үеийн шалтгаанаар коксын хямралд орсон тул Монголын нүүрсийг сонирхон квот авах гэж хэдэн жил хөөцөлдөв. Чухам тэр үед оросууд гэнэт сонирхогчоор нэмэгдэн олон улсын концерн байгуулж оролцохоор болов. Америкийн Пибоди Тавантолгойд хөрөнгө оруулахаар 9 жил хөөцөлдөж, Улаанбаатарт байнгын төлөөлөгчөө суулган офис ажлуулсан юм. Монголын Засгийн газрын удирдлага дор концерн байгуулах хамтарсан уулзалт 13 удаа болоход Оросын төлөөлөгч Морозов уулзалт болгоныг үймүүлэн үл бүтэх шаардлага тавьсаар бүтэлгүй болгосон гэдэг. Пибоди эцэст нь залхаад Монголоос гарч явсан. Япон, Солонгосын хувьд Мозамбикаас кокс импортлох гарц олоод энэ асуудлыг сонирхохоо больсон.
 
АНУ “Мянганы сорилын сан”-ын шугамаар Монголд 280 сая доллар бэлэглэхээр шийджээ. Дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг хуучирч муудсан орос стандарт царигтай төмөр замаа энэ мөнгөөр сэлбэхээр Монголын тал шийдвэрлэгцмэгц Улаанбаатар төмөр замын 50 хувийг эзэмшдэг Орос Төмөр замын босс Якунин яаралтай ирэн америкийн мөнгөнөөс татгалзах шийдвэр гаргалаа. Тэрээр Монголын төмөр замыг орос стандарт царигтай хэвээр хадгалах ба шинэчлэх ажлыг оросууд хийх, харин монголчууд өөрт ноогдох зардлаа Тавантолгойн нүүрсээр төлөхөөр болгов. Якунин үүнийгээ “үнэгүй юм зөвхөн хулганы хавханд байдаг” гэж тайлбарлаад хэлэлцээ дууссаны дараа монгол анд нартай зургаа татуулахдаа салаавч зангидсан байсан нь фото зурагт үлджээ. Харин хожим нь тэрээр Хятадын Төмөр замын холбогдох хүмүүст захидал бичихдээ Монголын төмөр замыг шинэчлэхээр нэгэнт тохирсон, үүнд зарцуулах мөнгийг зээлээр олгоно уу гэж бичсэн байв. Түүнээс хойш арваад жил өнгөрсөн боловч Монголын төмөр замыг шинэчлэх асуудал таг мартагдсан.
 
Хятадууд бээр оросуудтай харьцуулахад бүдүүлэг түрэмгий нь харьцангуй гайгүй. Тэд аргадах, алхам алхамаар цаашлах, шал өөр шалтаг хэлэн боож хаах, хахууль өгөх зэрэг зөөлөн аргаар ханддаг. Монголд ялангуяа уул уурхайд оруулж буй тэдний хөрөнгө оруулалт монголчуудын дунд төдийлөн эсэргүүцэл үүсгэдэггүй, шуугиан тарьдаггүй. Нууц нь тэд бараг бүх шатны эрх мэдэлтнүүд болон элдэв рэкетчидэд хахууль өгөн чимээгүй байлгаж чаддаг юм. Өрнөдийн орнуудад бусдад хахууль авилга өгөхийг газар нутаг үл хамааран хатуу хориглодог, чанга хуультай учраас хахуульд дуртай монголчуудын зэвүүг хүргэж элдэв шантааж рэкетэнд тогтмол өртдөг. Хятадуудын энэ хахууль, авилга нь монголчуудын ёс суртахуунд туйлын муугаар нөлөөлсөөр. Монголд оруулсан уул уурхайн хятадын хөрөнгө оруулалтын ихэнх нь монгол хүний нэр дээр байдаг. 
 
ӨГӨГДСӨН ХУВЬ ЗАЯАТАЙГАА ЭВЛЭРЭХ
 
Оюутолгой дахь Рио Тинтогийн хөрөнгө оруулалт нь нэг талаас асар их баялаг өгч байгаа ба хожмоо энэ орныг баян болгох ирээдүйтэй ч нөгөө талаас энэ орны хүн амыг талцуулж, эд мөнгө-улс төрийн хагаралд оруулж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжих байтугай эерэгээр үнэлсэн болгоныг гадны тагнуул, эх орноосоо урвагч, тэднээс хээл хахуул авч амьдрагч хэмээн харааж загнах нь өдрийн дэглэм болжээ. Монгол улсын хууль тогтоох байгууллагад хүртэл парламентийн гишүүд биенийгээ “Оюутолгойг эсэргүүцэж нэг ч удаа үг хэлж байгаагүй учир Монгол төрийн дайсан мөн” гэж тодорхойлох явдал байнга гардаг. Ийм учраас Оюутолгойн хөрөнгө оруулалт (Ер нь хөрш бус орны хөрөнгө оруулалт) ач холбогдолтой гэхээсээ хожмын хор хөнөөл нь илүүтэй тусахаар байна. Тэртэй тэргүй зөвхөн хоёр хөршийн ая дангаар оршин тогтнох хувь заяатай учраас алс газраас Монголд том хэмжээний хөрөнгө оруулалтыг хөршүүд зөвшөөрөхгүй.
Киргизид Памирын нуруунд уулын хүнд нөхцөлтэй алтны орд бийг Кумтар гэдэг. 350 тонн алтны нөөцтэй энэ ордыг Канадын Сэнтэра голд компани ашигладаг. Энэ ядуу оронд буй бараг цорын ганц нээгдсэн баялаг нь энэ байх. Чухам энэ баялагаас болж тэнд хэд хэдэн удаа төрийн эргэлт гарснаас гадна иргэний дайнд тулж, мөргөлдөөн гаран олон хүн эндсэн. Хичнээн ядуу буурай ч гэсэн Кумтаргүйгээр киргизүүд өлсөж үхэхгүй нь лав. Энэ хөрөнгө оруулалт тэдэнд нэмэр болохоосоо илүү гай болж байгаа юм. Мянга мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд хэзээ ч нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигт өртөж байгаагүй. Өнөөдөр монголчууд 80 сая толгой малтай болсон нь урьд хожид байгаагүй их тоо. Ердөө гуравхан сая хүнд шүү дээ.
 
Монголоос гурав дахь орны хөрөнгө оруулагчдыг хавчин гадуурхах, хөөж туух нь тэднийг нэгмөсөн жигшээх, дахиж нааш харах аргагүй болгох геополитик тоглоом юм. Мөнөөх Киргизэд алтны орд ашиглаж байгаа Сэнтэро голд компани Монголд 40 тонн алтны орд дээр арав гаруй жил ажиллаж бараг тэрбум долларын татвар төлжээ. Тэд дараагийн 70 тонн алтны нөөцтэй үндсэн орд дээр ажиллахаар Монголын Засгийн газартай гэрээ хийн нэлээд хөрөнгө оруулсан байна. Гэвч тэднийг тэнд оруулахгүй гэж парламентийн нэлээд гишүүд эсэргүүцлийн аян зохиож, рэкетчид байнгын дарамт учруулсаар хэдэн жилийг барав. Хоёр тал байнга шүүхдэлцэх боловч Монголын шүүхийн байгууллага бараг хориод удаа хуралдаад дорвитой шийдвэр гаргалгүй залхаажээ. 2009 оны үзүүлэлтээр Сэнтэра голд компани Монголын ядруухан төсөвт татвар төлсөн үзүүлэлтээр нэгдүгээр байр хүртэл эзэлж байсан ч Монголын Ерөнхийлөгч тэднийг нийт ажилласан хугацаандаа ердөө 15 мянган долларын татвар өгсөн гэж шулуухан гүтгэсэн. 2018 оны хавар Монголын шүүх шийдвэр гарган мөнөөх 70 тонн алттай ордыг канадчууд ашиглах эрхийг нь цуцалж орхижээ. Зун нь монголчууд (?) Сэнтэра голдтой хэлэлцээ хийн ордыг 35 сая доллароор худалдан авах болов. Намар нь Монголын шүүх дахин хуралдаад ордыг ашиглах лицензийг сэргээв. Уг орд монгол хүмүүсийнх болсон гэж ярьж буй нь эргэлзээтэй. Ийм явдал давтагдсаар.
Оюутолгойн хувьд энэ ордыг худалдаж авах саналыг Хятадын талаас тавьж байжээ. Энд газар дор 1-2 километрийн гүнд шороог баяжуулдаг маш өндөр технологи техник суурилуулах бүтээн байгуулалт ид явагдаж баайна. Ийм технологийг өдгөө Рио Тинто, Анло Американ гэсэн хоёрхон компани эдэмшдэг гэх. Хятадууд илүүтэй энэ технологийг сонирхсон авч хэлэлцээ амжилтад хүрээгүй.
Риогийнхны ярьж буйгаар хэдэн жилийн өмнө Монголын төрийн албаны хоёр эрхэм Оюутолгойг худалдан авах санал тавьжээ. Хэдэн тэрбум доларын өртөгтэй энэ уурхайг худалдан авах чадал Монголд байхгүй учир тэд ихэд гайххад “оросууд мөнгө өгнө” гэсэн гэх. Үнэндээ оросууд тэгсэн нь худлаа ч байж магадгүй, гэхдээ л хоёр хөршөөс зайлбаргүй.
 
Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно. Эв нэгдлийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч, хүний болон ард түмний мөн чанарын хувьд ч. Юун түрүүн байгалиас заяасан хоёр хүчирхэг гүрэнтэй эвтэй байж арга эвийг нь олон, геополитик ашиг сонирхолыг нь хүндэтгэх ёстой юм. Оросын зүгээс ч, Хятадын зүгээс ч энэхүү Монголд хандаж буй ааш авир нь тэднийг ойлгож болохуйц аргагүй авах арга хэмжээ.
 
Иймээс Монголын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн ч үүнийг цаашид хүчирхэг хөршүүд нь тэртэй тэргүй зөвшөөрөхгүй бодит нөхцлийг Рио Тинтотой ярилцан ойлголцож эвээр салах нь хамгийн зөв гарц мөн болно. Монгол нутагт Рио Тинто шиг аварга компани идээшихгүй нь сүүлийн бараг хориод жилийн туршлагаас ил харагдлаа. Цаашид энэ үйл явдал үргэлжлэх тусам Рио Тинтогийн хувьд нэр төрийг нь гутаасан гүтгэлэг харлуулатад улам их өртөж, эд баялагаар улам илүү хохирол хүлээх төдийгүй, нийт эргэлтийнх нь дийлэнх хэсгийг эзэлж буй бусад бизнис нь бүтэлгүйтэж ч болох юм. Монголын хувьд ард түмний дундах хагарал улам гүнзгийрч, төрийн тогтворгүй байдал хурцдаж, хүмүүсийн ёс суртахуун өдөр ирэх тутам доройтсоор удалгүй Конго, Венесүэл, Зимбабвэ, Нигери, Хайти зэрэг орон шиг дээрэмчдийн гарт орсон хөгийн улс болон хувирах магадлалтай. Уул уурхайгаар баяжих гэсэн биш улс орноо там болгохыг эрүүл саруул хэн ч хүсэхгүй бизээ.
 
 
Баабар   

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419