Дэлхийн дээд амжилтын эзэн Ц.Оюунчимэг ОУТ-ээс алтан медаль хүртжээ
Австрали улсад болсон хүндийг өргөлтийн ахмадын олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн +87 кг-д Ц.Оюунчимэг түрүүлж, алтан медаль хүртжээ.
Түүний хувьд дэлхийн цомын таван алт болон дөрвөн жилд нэг болдог дэлхийн наадмын хоёр түрүүтэй билээ. Энэ удаагийн тэмцээнд 23 орны 422 тамирчин хүч сорьсон юм. ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө медальтай Ц.Оюунчимэг дэлхийн дээд амжилтыг 14, Ази тивийн дээд амжилтыг 23 удаа шинэчлэн, дээд амжилтыг нь эзэмшдэг.
Нас бол тоо гэдгийг амжилтаараа баталж яваа Ц.Оюунчимэг нэлээд хожим буюу 2011 онд тэтгэвэрт гараад Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөснөөр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм.
Тэрбээр 49 насандаа ДАШТ-д оролцохдоо дэд аварга болж амжилтын гараагаа эхлүүлэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөж байжээ. Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ өмнөх аварга тамирчнаас 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 кг болгожээ.
Алдарт дархан аварга Б.Түвдэндоржийн төрсөн дүүгийнх нь охин Ц.Оюунчимэг нь өнөөдөр ДАШТ-ий дээд амжилтыг нийлбэр дүнгээр 138 кг, Гран при-г 151 кг, Ази тивийн АШТ-ийг 131 кг-аар тус тус эзэмшиж байна. Азийн ахмадын наадмын аварга Монголын анхны туйванч түүнд Ган при ангиллын тэмцээний дөрвөн алтан медаль, дөрвөн аваргын цом байдаг.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг