Гүүр...
Зөв хүн дандаа холыг ойртуулж хоёрыг учруулж хонь чоныг ч эвлэрүүлж хасах нэмэх халуун хүйтэн харанхуй гэрлийн хооронд гүүр нь болж байдаг шиг Монгол Улс ч гэсэн хойд урд Солонгосын хооронд улс төрийн гүүр нь болж удахгүй нэгтгэх явцыг нь түргэтгэх боломж бидэнд бий.
Миний хувьд ахмад залуу үеийнхээ хооронд гүүр нь болж алдар цуут ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлал түүх намтрыг аймаг сум нам улс төр харгалзахгүйгээр залуу үедээ таниулан сурталчилж тэднийгээ эх орон байгаль дэлхийгээ хайрлах, зөв сэтгэл үзэл бодлоор хүмүүжүүлэхэд өөрийн биеэр үлгэрлэн дагуулах нь иргэний үүргээ гэж ойлгож явдаг.
Хар багаасаа л цуг цэцэрлэгт явж сургууль сурч армид ч хамт алба хаасан унаган багын хоёр сайхан найзууд цэргээс ирээд хөрш зэргэлдээ хотоос холхон газар аван бие биенээ хамжин байж нэг нэг шавар байшин барин эхнэр хүүхэд ч аван амьдралыг цэцэглүүлж эхэлж. Харин цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх тутам хоёр найзууд авсан зурагтаараа, ургасан ургацаараа, төрүүлсэн үрсээрээ, ажлын багаж анжис трактораараа, сайжруулж томруулсан байшин саваараа нэг л мэдэхэд аажим аажмаар өрсөлдөж эхэлсэн байлаа.
Сүүлдээ бие биенийхээрээ орж гарах нь битгий хэл мэндлэхээ ч больж, хүүхдүүдээ ч хооронд нь тоглож уулзахыг хориглож, бүр сүүлдээ нэг нь өөрийн мэдлийн газрынхаа дундуур намхан хайс татахад, нөгөөх нь маргааш нь гүнзгий шуудуу татсан байлаа. Гэсэн ч хоёр айлын юмны учир мэдэхгүй жоохон хүүхдүүд хайс даван шуудуу гатлан уулзаж тоглосоор л байв.
Yүнд уур нь хүрэх нэг нь талбайнхаа усыг шуудуу дундуур гүйлгэн тэдний тоглох замыг хаалаа гэсэн чинь тариа ногоо нь усаар дутагдаж тэр жил бараг ургац авсангүй. Харин нөгөө найзынх нь ургац нь халиурч, орлого нь бурзайж өдөр бүр харагдах шинэ байшин арвин ургац машин техник нь ярайгаад л.., бүүр харахаас дургүй хүрээд.., дахиад харахыг ч хүсмээргүй байх тул шуудууныхаа наагуур дахиад хоёр метр өндөр хана барихаар шийдэн хэдэн машин банз худалдаж аван мужаан залууд захиалгаа өгчихөөд, өглөө хот хүрээ руу ажил төрөл хөөцөлдөхөөр яваад өгч.
Хоёр нөхрийн учир начрыг эртнээс гадарлах зөв сэтгэлт мужаан эр өгсөн бүх банзаар хэдэн метр өндөр хашаа барихын оронд хөлгүй гүнзгий шуудуун дээр нь маш сайхан гүүр бариад орхиж. Орой хоёр гэрийн эзэд уурлах гайхах зэрэгцэн хоёр талаасаа гүүрэн дээр ирэхэд мужаан маань гүүрны гол дунд дөлгөөн сайхан харцаар хоёр тийш инээмсэглэн тэр хоёрыг уулзуулахаар хоёр гараа тэдэн руу сунган зогсож байлаа. Мань хоёр хөрш ч эхлээд мэл гайхсанаа аажим аажмаар бие биедээ ойртон нэг л мэдэхэд гүүрний голд гар гараа барин бие биеэ тас тэвэрсэн байлаа.
Тэр хоёрыг ингэж байхыг харсан ар гэрийнхэн мөн л хоёр талаасаа аль хэдийн ирж ялангуяа эхнэр хүүхдүүд нь уулзалдан бөөн баяр хөөр болж байгааг харсан хоёр эрийн сэтгэл дэх атаа хорслын бул чулуу хоромхон зуур хайлж, ухаарал гэмшил инээд баясал тэдний зүрх сэтгэлийг дахин эзэмдэж, унаган багын найзууд насан туршдаа хэвээр үлджээ.
Хоёр эрийн хорсол заналын тэрхүү өндөр ханыг нурааж, атаа жөтөөны гаталж баршгүй суваг шуудууг нь булж эвдрэгч нөхдөө эвлэрүүлэгч гүүр болсон тэр зөвт сэтгэлт мужаан эр шиг бидний энэ их элдэв хагарал бутрал талцалыг тас цохин ардын ардчилсан ногоон цэнхэр улаан шар бор гэж нам улс төр нутаг нугаар нь ялгалгүй бүгдийг Эзэн Чингэсийн Монгол гэсэн нэгэн тугийн дор нэгтгэж шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтоох аавын хүү тэнгэрийн зараал түмний хүслээр удахгүй төрж төр түмнээ төвшитгэх болтугай. Монгол түмнийг Заяа нь түшиг!
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт