500 иргэний нэр дээр хуурамч цалин бодож залилсан нягтланд хорих ял оноожээ
ЗХЖШ-ын нягтлан 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж, 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, тус хэрэгт холбогдсон Б нь тус цэргийн ангид ажиллаж байгаад гадаад улсад суралцахаар явсан, өөр байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй, нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж дээрх мөнгийг шамшигдуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр эл их хэмжээний мөнгийг садан төрлийн холбоотой Д-гийн Хаан банкны 50........ дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон аж. Тус хэрэгтэй холбогдуулан ЗХЖШ дараах албан ёсны хариу тайлбарыг өглөө.
Тодруулбал, Тус мэдээлэлд дурдагдсан нягтлан Б нь Зэвсэгт хүчний Жанжин штабт огт ажиллаж байгаагүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангиудын санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрээр дээрх Зэвсэгт хүчний ангиудын санхүүгийн нягтлангаар ажиллаж байхдаа гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажиллаагүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж 373,582,668.00 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан.
Түүний энэхүү төсвийн хөрөнгө завшсан хууль бус үйлдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн санхүүгийн дотоод аудитын албан тушаалтнууд шалгаж, илрүүлсэн бөгөөд тус хөрөнгө завшсан үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, улмаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/1486 дугаар тогтоолоор Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, түүний учруулсан хохирлын хэмжээг 310,725,167.00 төгрөгөөр тогтоож, Т.Б-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штаб нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн хэмээн үзэж Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг буруу хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу ял хойшлуулж, шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.
Ийнхүү Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны үр дүнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг “Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр шилжүүлсэн. Энэ нь Т.Б-д хорих ял оногдуулсан нь буруу байна гэсэн шийдвэр биш бөгөөд зөвхөн ял хойшлуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн шийдвэрлэсэн болно. Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
ЗХЖШ-ын зүгээс төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, завшсан үйлдлийг дотоод аудитын хяналт, шалгалтаар илрүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, цаашид ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх үүднээс шат шатанд анхаарч, санхүүгийн төдийгүй эд хөрөнгө хариуцаж буй албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.